Энэ онд тохиож буй Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академиас “Захиргааны эрх зүйн нэр томьёоны толь”-ийг шинэчлэн гаргалаа. Толь бичигт Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны ерөнхий хуульд орсон нэр томьёог тусгасан байна.
Уг толь бичгийг танилцуулах ажиллагаа Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль баталсан өдрийг угтан 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газарт болно. Энэ үеэр номын дээжийг зарим байгууллага, судлаачдад түгээх юм байна.
Сонирхогч байгууллага, иргэд энэ сарын 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл тус сангийн 321294 дугаарын утсаар холбоо барих боломжтой ажээ.