Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 228 дугаар тушаалаар тус холбооны гишүүнээр элссэн 72 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, Зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга, прокурор Ц.Мөнхбат, Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа нарын зочид урилгаар оролцсон. Тэд тангараг өргөх ёслолын үеэр шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэсэн юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой. Үүний дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг тус холбооны Тамгын газар 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрөөс авч эхэлсэн бөгөөд гурав дахь ээлжид өргөдлөө гаргаад байсан 72 хуульчийг Холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олголоо.
Эдгээр шинэ хуульчид нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангарагласан юм.
ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗУРГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!