Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн урилгаар тус улсад энэ оны арваннэгдүгээр сард ажлын айлчлал хийлээ. Захиргааны хэргийн шүүгчид энэ удаад Берлин, Мюнхен, Штарнберг, Фрайберг хотод ажиллаж төрийн захиргааны зарим байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа, шат дамжлага, гаргаж буй шийдвэрийн төрөл зэрэгтэй танилцаж, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны арга туршлагаас судалсан юм. Тухайлбал Монголын захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэж байгаа маргааны дийлэнх хувийг эзэлдэг барилга барих болон ашигт малтмалтай холбоотой зөвшөөрөл олгох, цуцлах тухай маргааныг Германы захиргааны байгууллага, захиргааны шүүхэд хэрхэн шийдвэрлэж буй туршлагыг түлхүү сонирхжээ. Ханнс-Зайделийн сан нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн Герман улсад туршлага судлах ажлын айлчлалыг 2004 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа юм.