Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 198, 199 дүгээр тушаалаар тус холбооны гишүүнээр элссэн 120 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2018 оны арваннэгдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, Хуульчдын холбооны сургалтын хорооны дарга, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболд, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал, Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн дүрэм , ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны тэргүүн Л.Энхсайхан, хууль зүйн доктор Б.Гүнбилэг нарын зочид урилгаар оролцсон. Тэд тангараг өргөх ёслолын үеэр шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэсэн юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой. Үүний дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг тус холбооны Тамгын газар 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрөөс авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд өргөдлөө гаргаад байсан 123 хуульчийг Холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоод байгаа нь энэ юм.
Эдгээр шинэ хуульчид нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ ийнхүү батлан тангараглалаа.
Ёслолын ажиллагааны бүх зургийг Хуульчдын холбооны https://www.facebook.com/MongolianBarAssociation/ фэйсбүүк хуудаст нийтлэв.