Монголын Хуульчдын холбооны ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллалаа. Ажлын хэсгийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан Б.Гүнбилэг ахалсан бол бүрэлдэхүүнд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, "Ханголомт" консалтингийн захирал, хуульч Ц.Азбаяр, Сургалтын хорооны мэргэжилтэн Г.Санчир нар багтсан юм.
Тус ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт зохион байгуулсан. Тодруулбал, Хууль зүйн доктор Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй”, “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны эрх зүйн зарим зохицуулалт” сэдвээр, "Ханголомт" консалтингийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Архангай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 орчим хуульч хамрагдсан юм.
Энэ үеэр ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа, аймгийн прокурорын орлогч прокурор Ш.Наранчимэг, өмгөөлөгч Г.Энхбаяр, нотариатч Д.Рагчаабазар нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө. Мөн Хуульчдын холбооны Архангай аймаг дахь салбарын зохицуулагч С.Пүрэвсүрэнд Хуульчдын холбооны тугийг гардуулсан юм.
Түүнчлэн ажлын хэсэг нь Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран Архангай аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулсан.