Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөөг бий болгон тохижуулсаар байна.
Энэхүү ажлын хүрээнд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн ажлын өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Нээлтэд Аймгийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг, Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, Өвөрхангай аймгийн Ерөнхий прокурор Ш.Дамдинбазар, Монголын Хуульчдын холбооны Салбарын зохицуулагч Б.Батсайхан, МХХ-ны сургагч багш Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, хуульч Ц.Азбаяр болон өмгөөлөгчдийн төлөөлөл оролцсон юм.
Өмгөөлөгчийн өрөөнд хууль тогтоомж, канон принтер, компьютер, зурагт, интернэт /wifi/ байрлуулж өгснөөр өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад түлхэц болж байгаа төдийгүй шүүх хурал хүлээх зуураа бусад нээлттэй шүүх хурлуудыг онлайнаар үзэх боломжтой болж байна. Түүнчлэн өмгөөлөгчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлах зэрэг олон давуу талтай.
Өмгөөлөгчийн ажлын өрөөг тохижуулж, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж, дэмжлэг үзүүлсэн тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, Салбарын зохицуулагч Б.Батсайхан нарт талархал илэрхийлье.