Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл МУИС-ийн “Эмерит профессор” цол хүртлээ. Энэхүү цолыг МУИС-ийн хүндэт цол олгох журамд заасны дагуу МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог байна.
С.Нарангэрэл академич Монголын түүхэн дэх дөрөв дэх “Эмерит” цолтон болж байгаа бөгөөд түүнд “Эмерит профессор” цол олгох хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж, ёслолд гэр бүлийнхэн болоод үе үеийн шавь нар, хамт олон, найз нөхөд тэргүүтэй улс, нийгэмд танигдсан эрхэм хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын ШУА-ийн гишүүн, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор С.Нарангэрэл нь Монголын хууль зүйн шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан, дотоодод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн, нэгэн цагийн том эрдэмтэн бөгөөд түүний олон бүтээл англи, орос, хятад, герман, япон хэлнээ хэвлэгдэж нийтийн хүртээл болсон. Мөн Монголын хуульч-эрдэмтдийн дотроос анх удаа 2000 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, хууль зүйн шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Түүнчлэн дэлхийн олон орны сургуулиудтай холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллахад их хувь нэмэр оруулсан. Тэрбээр Япондоо хамгийн олон Нобелийн шагналтнуудыг төрүүлэн гаргасан Японы Нагояагийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн Хүндэт докторын цолыг 2005 онд хүртсэн юм.
Нэр хүндтэй цол хүртсэн эрхэм академич С.Нарангэрэл Танд баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе!