Улсын Их хурлын даргын ахлах зөвлөх, хууль зүйн доктор, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаагийн зэрэгцээ хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулж байна. Тодруулбал, Хууль зүйн доктор Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй”, “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны эрх зүйн зарим зохицуулалт” сэдвээр, “Хан голомт” консалтингийн захирал Ц.Азбаяр “Хуульчийн харилцаа, хандлага, ёс зүй” ”сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Баянхонгор аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 орчим хуульч хамрагдсан юм.
Энэ үеэр ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр, аймгийн Ерөнхий прокурор Ж.Уранцэцэг, өмгөөлөгч Г.Доржготов, нотариатч Д.Эрдэнэханд нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө. Мөн Хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагч Ц.Баярмаад Хуульчдын холбооны тугийг гардуулан өгсөн юм.
Түүнчлэн ажлын хэсэг нь Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран Баянхонгор аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулсан.