Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо нь сайн дурын хороо болохын хувьд гишүүддээ чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулж, захиргааны эрх зүйн тодорхой салбарт тулгамдаж буй асуудлаар хуульч, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж хэвшсэн билээ.
Энэ удаад Захиргааны эрх зүйн хорооноос 2017-2018 онд зохион байгуулсан хэлэлцүүлгүүдэд оролцсон хуульч, судлаачдаас бидэнд зөвхөн бичмэл хэлбэрээр ирүүлсэн илтгэлийг уламжлал ёсоор эмхэтгэл болгож, та бүхэнд толилуулж байна.
Эмхэтгэлд “Захиргааны гэрээ”, “Зөрчлийн тухай хууль болон татварын хууль тогтоомжийн уялдаа, хэрэглээ”, “Хууль дээдлэх болон хуульд үндэслэх зарчим: агуулга ба хэрэглээ”, “Захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас учирсан хохирол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус зохион байгуулсан 4 удаагийн хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүд багтсан бөгөөд илтгэлүүд захиргааны эрх зүйн онолын асуудал, тухайн салбарт өрнөж буй үйл явдал, тулгамдаж буй асуудал, түүнд гарц шийдэл эрэлхийлсэн олон асуудлыг хөндсөн.
Энэхүү эмхэтгэлийг хэвлүүлж, олон нийтэд хүргэх ажлыг санхүүжүүлэхэд туслалцаа үзүүлсэн “Онч шийдэл” ТББ-д гүнээ талархал илэрхийлье.