Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр маргааш тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл” төв, Монголын Хуульчдын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар тус байгууллагуудаас хамтран гүйцэтгэж буй Монголын хэвлэл мэдээллийн орчин, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг тодорхойлох судалгааны явцыг танилцуулсан юм.
Тус мониторинг нь “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын хангах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн дүн шинжилгээ”, “Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин ба хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлийн хэрэгжилт” гэсэн үндсэн хоёр дэд сэдвийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд 2019 оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Судалгааны урьдчилсан дүнг харахад, сэтгүүлчдийн амь насанд аюул заналхийлдэг, сэтгүүлчид өдөр тутмын ажлаа хэрэгжүүлэхдээ дарамт шахалтад өртдөг, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг заналхийлдэг, халдлага үйлддэг эсэхийг тодруулахад, судалгаанд оролцогчдын олонх нь “санал нийлж байна”, “маш их санал нийлж байна” гэсэн хариултыг өгсөн байна. Мөн гурваас дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь дор хаяж 2-3 удаа олон нийтэд түгээсэн мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээсээ болоод ямар нэгэн дарамт, заналхийлэл, сүрдүүлэгт өртөж байсан гэх хариултыг өгчээ. Түүнчлэн гэр бүлийнх нь гишүүдийг айлгаж, дарамталж байсан тохиолдол таваас багагүй бүртгэгдсэн байна. Энэхүү судалгааны эцсийн үр дүнг 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр албан ёсоор танилцуулах юм.
Дашрамд дурдахад, олон улсын хэмжээнд 2006-2017 онд нийт 1010 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан байна. Энэ тоо баримтаас илүү тэвчишгүй зүйл нь амиа алдсан 10 хэрэг тутмын 9-д нь гэмт хэргийг үйлдсэн этгээдэд ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ аваагүй явдал ажээ.
Хэвлэлийн бага хуралд Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүн, судалгааны багийн зөвлөх Д.Батмөнх оролцож мэдээлэл өгсөн юм.