Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо нь бүх гишүүдийн ээлжит хурал, өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Хуульчдын холбооны дүрэм, Сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журамд бүх гишүүдийн хурлыг жилд нэг удаа зохион байгуулахаар заасан бөгөөд энэ удаагийн ээлжит хурлаар 2018 оны тайланг хэлэлцүүлж, 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсны зэрэгцээ шинээр сонгогдсон гишүүдийг батламжилсан.
Мөн “Залуу судлаач” клубын үйл ажиллагааны танилцуулгыг тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Даваасүрэн, Захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн про боно хуульч, нөхөрлөлийн танилцуулгыг удирдах зөвлөлийн гишүүн З.Ганзориг, Байгаль орчны дэд хорооны мэдээллийг дэд хорооны зохицуулагч Р.Мөнхзул нар өгсөн бөгөөд хорооны үйл ажиллагаа, танилцуулгатай холбоотой хэлэлцүүлгийг удирдах зөвлөлийн гишүүн Н.Мягмар хөтлөн явуулж, гишүүдээс санал авсан юм.
Гишүүдэд зориулсан өдөрлөгийн хүрээнд “Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуу “Хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд ёс суртахууны мөн чанарын талаар лекц уншсан бол тус хорооны гишүүн, Олон Улсын Барын холбооны 2018 оны шилдэг про боно хуульч Х.Баасанжаргал Олон Улсын Барын холбооны үйл ажиллагаа, 2018 оны хурлын талаар мэдээлэл өгсөн.
Мөн хорооны тэргүүн Ц.Цогт “Захиргааны эрх зүй” цахим сэтгүүл (e-Journal)-ийн танилцуулгыг хийсэн. Тус сэтгүүл нь захиргааны эрх зүйн чиглэлээр судалгааны ажил хийж буй хуульчид, эрдэмтэд, судлаачдын бүтээлийг цаг алдалгүй нийтлэх, зөвхөн тус хорооны гишүүдэд хүргэх үндсэн суваг болох юм.
Онцлон тэмдэглэхэд, энэ удаагийн бүх гишүүдийн хурлаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, ирэх хоёр жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцүүлж, гишүүдийн саналыг сонсох, оролцоог улам бүр нэмэгдүүлэх боломжийг ярилцаж, тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тогтлоо.
Хурлын үеэр хэлэлцүүлсэн асуудал болон танилцуулгыг доорх хэсгээс татаж авах боломжтой.
1. Захиргааны эрх зүйн хорооны тайлан, 2019 оны төлөвлөгөө - ТАТАХ
2. Хорооны гишүүнчлэлийн төлөв байдлын танилцуулга - ТАТАХ
3. ЗЭЗ-ны дэргэдэх "Залуу судлаач" клубын үйл ажиллагааны танилцуулга – ТАТАХ
4. Захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн про боно хуульч, нөхөрлөлийн танилцуулга – ТАТАХ