Монголын Хуульчдын холбоо, Азийн сантай хамтран “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдал” судалгааг хийсэн байгаа бөгөөд судалгааны үр дүнг холбогдох байгууллагын удирдлага, албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлж байна. Энэ хүрээнд тус судалгааны өмгөөлөгчид холбогдох хэсгийн танилцуулга, хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 30-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нээж үг хэлсэн бол хууль, шүүхийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, тухайн байгууллагын ажилтан, албан хаагч нарын дунд явуулсан судалгааны өмгөөлөгчтэй холбогдох үр дүнг Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх танилцуулсан. Мөн Мэргэжлийн хариуцлагын хороонд ирсэн өргөдөл, гомдлын талаар тус хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэбилэг мэдээлэл өгсөн юм.
Шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, авилгатай тэмцэх газрын албан хаагч, нотариатч, арбитрч, эвлэрүүлэн зуучлагчдын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирсэн гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлтийн байдлыг судлах ажлын хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ёс зүйн хороо зэрэг байгууллагад хандаж зохих судалгаа, мэдээллийг бүрдүүлэх ажлыг хийсэн. Эдгээр байгууллагаас Шүүхийн ёс зүйн хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооноос судалгааны дүн, мэдээллийг хараахан ирүүлээгүй байна. Судалгаа ирүүлсэн байгууллагуудын мэдээллээс өмгөөлөгчийн үйл ажиллагаатай холбоотой буюу өмгөөлөгчтэй холбоотой гомдол, мэдээллийн талаар нэгтгэхэд, Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2017 онд өмгөөлөгчтэй холбоотой гомдол 2, 2018 онд 3 удаа ирсэн бол Хүний эрхийн үндэсний комисст 2017 онд 1 тохиолдол буюу өмгөөлөгчийн үйл ажиллагаа, харилцаа хандлагын талаар гомдол иржээ.
Хууль, шүүхийн байгууллагын ёс зүй, шударга байдал, ашиг сонирхлын зөрчлийн байдлыг бодитоор тодорхойлох, авлигын эрсдэл, шалтгаан нөхцөлийг тодруулах, улмаар үр дүнд тулгуурлан зохих арга хэмжээг авахад зөвлөмж боловсруулах, ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замыг дэвшүүлэх зорилготой тус судалгааны ажил нь 2016 онд Монгол Улсын Их Хурлын 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа юм.