Монголын Хуульчдын холбоо, “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ, “Монголын Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” ТББ хамтран Азийн эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хохирогч төвтэй-мэдээлэл-өмгөөлөл” сэдэвт сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Эхний сургалтыг хүний эрх, эрх чөлөө, хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгох, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл өгөх зорилготойгоор зохион байгуулж 20 эмэгтэй өмгөөлөгч, 20 эмэгтэй сэтгүүлчийг мэргэшүүлэн бэлтгэсэн билээ.
Энэ удаагийн сургалтаар эдгээр өмгөөлөгч, сэтгүүлчид нь “хохирогч төвтэй” арга зүйн зарчмаар нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагад хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан ажилласан ажлын үр нөлөө, амжилт, сургамжаа ярилцсан юм. Түүнчлэн энэ багт нэгдсэн сэтгүүлч, өмгөөлөгчид цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тус сургалтын нээлтэд Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэндсүрэн, “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясгах, “Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв”-ийн тэргүүн Д.Мөнхчимэг нар оролцож, сургалтад оролцогчдын цаашдын ажил үйлс, хамтын ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх, өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр эхний сургалтын үр дүнд сэтгүүлчдэд зориулсан “Ажлын байран дахь бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийг эрэн сурвалжлах нь”, өмгөөлөгчдөд зориулсан “Хууль зүйн дүн шинжилгээ-жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг” гарын авлагууд хэвлүүлснийг танилцуулж, оролцогчдод тараасан.