Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Тайпэйн Барын холбооны Ерөнхийлөгч Шуй Чин Фэн, Гүйцэтгэх захирал Лин Чун, Гүйцэтгэх захирал Куо И-Чин, Гадаад харилцааны хорооны дэд дарга Ю По Чан нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг, М.Цэндсүрэн нар оролцсон.
Тайпэйн Барын холбоо болон Монголын Хуульчдын холбооны цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан тус уулзалтын эхэнд хоёр байгууллагын ерөнхийлөгчид өөрсдийн Барын холбооны үйл ажиллагаа, байгууллагын талаар танилцуулга мэдээлэл өгсөн бөгөөд уулзалт хоёр байгууллага цаашид хэрхэн хамтран ажиллах, туршлага солилцох зэрэг асуудлаар өрнөсөн юм.
Тус уулзалтын хүрээнд Монголын Хуульчдын холбооны төлөөлөгчид энэ оны 12 дугаар сард Тайвань улсад айлчлал хийхээр болсон бөгөөд энэхүү айлчлалаар хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, тус холбоодын гишүүн хуульчид харилцан туршлага судлах ажлыг зохион байгуулахаар тохиролцсон.
Мөн Монголын Хуульчдын холбооны зүгээс ирэх жилийн зургадугаар сард зохион байгуулах “Хуульчдын форум”-д Тайпэйн Барын холбооны удирдлага болон гишүүдийг оролцохыг урилаа.