Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт зохион байгууллаа. Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зохицуулалт” сэдвээр, УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдвээр, “Хан голомт” группийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн харилцаа, хандлага”, “Хуульчийн ёс зүй” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Ховд аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 45 хуульч хамрагдсан юм.
Энэ үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Ховд аймгийн Ерөнхий шүүгч Баттулгын Бадрахгэрэл, аймгийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Жүгдэрийн Отгончимэг, өмгөөлөгч Жамбалдоржийн Энхжаргал, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Дэлэгдоржийн Алимаа, хуульч Солтанбайн Жанбаатар нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс гардуулан өгсөн. Мөн Ховд аймгийн салбарын зохицуулагч, өмгөөлөгч Ж.Энхжаргалд Хуульчдын холбооны тугийг гардууллаа.