Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан, хууль зүйн доктор Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Увс аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явуулсан. Тодруулбал, Хууль зүйн доктор, судлаач Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй”, “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдвээр, АШУҮИС-ийн багш, доктор, Хууль зүйн магистр М.Цэрэнбат “Стресс менежмент”, “Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх нь” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Увс аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 45 хуульч хамрагдсан юм.
Энэ үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Увс аймгийн Ерөнхий шүүгч Дагвын Жамбалсүрэн, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Халтайн Энхтуул, өмгөөлөгч Тогтохын Алтанчимэг, хуульч Жамбын Оюун нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.
Мөн Увс аймаг дахь салбарын зохицуулагч Ч.Дулмаагийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулж, бусад хуульчийн төлөөллөөс нэр дэвшсэн хуульч О.Батдорж салбарын зохицуулагчаар сонгогдлоо. Түүнд Ажлын хэсгийн ахлагч Б.Гүнбилэг баяр хүргэж, Хуульчдын холбооны тугийг гардуулан өгсөн юм.
Түүнчлэн ажлын хэсэг нь Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран Увс аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулсан.