Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар "Залуучуудын хөгжлийн сар" аяныг 2018 оны наймдугаар сарын 24-өөс есдүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулахаар баталсан байна.
Тус аян нь залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар залуучууд, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хуулийн хэрэгжилтийг хангахаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгуулагдсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг танилцуулан, эрчимжүүлэх, төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, асуудлыг оновчтой шийдвэрлэж болдог сайн туршлагыг үлгэрлэх зорилготой ажээ.
"Залуучуудын хөгжлийн сар" аяны нээлт энэ сарын 24-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд Монголын Хуульчдын холбоо нь энэхүү аянд оролцож, залуучуудад хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч А.Отгонбаяр, М.Шаравнямбуу нар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлаж, залуучуудад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилласан юм.