Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос гишүүн хуульчдынхаа иргэний эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаадын нэр хүнд бүхий эрдэмтдийг урьж илтгэл хэлэлцүүлж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Иргэний хууль судлаач, Япон Улсын Фүкүокагийн их сургуулийн профессор Ясүхиро Миноваг урьсан.
Профессор Ясүхиро Минова 2018 оны тавдугаар сарын 01-ний өдөр "Хуульчдын танхим"-д “Иргэний хуулийн мөн чанар, гүйцэтгэх үүрэг ба иргэний эрх зүйн маргааныг зохистойгоор шийдвэрлэх арга” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Профессор Ясүхиро Минова нь илтгэлийнхээ эхний хэсэгт Иргэний хуулийн мөн чанар ба тулгарч буй асуудлын талаар танилцуулсан бөгөөд энэ хүрээнд а) Иргэний хуулийн мөн чанар ба түүний онцлог; б) Иргэний хуульд тулгарч буй бэрхшээл; в) Хувийн эрх зүйн хүрээнд Иргэний хуулийн асуудал; г) Шүүх хуулийг хэрэглэхэд тулгарч буй асуудлын талаар; хоёрдугаар хэсэгт а) Япон Улсын Иргэний хууль батлах болсон шалтгаан; б) Иргэний хууль батлах үеийн нөхцөл байдал ба онцлог; в) Иргэний хууль батлахад үүссэн асуудлын талаар, гуравдугаар хэсэгт Иргэний хуулиар хэрхэн хэрэг маргааныг оновчтой, зүй зохистойгоор шийдвэрлэх талаар мэдээлэл өглөө.
Илтгэлийн дараа хуульчид профессор Ясүхиро Миновагаас Монгол болон Япон Улсын Иргэний хуулиудын талаар болон илтгэлтэй холбогдуулан сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.