Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчийн мэргэжлийн зөрчил ба шийтгэлийн төрөл, хэмжээг тодорхойлох нь

Л.ГАЛБААТАР

(Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн)

    Хуульчдын хувьд мэргэжлийн дүрмээ хэлбэрэлтгүй мөрдөх хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, мэргэжлийн дүрэм нь хуульчийн баримтлах нийтлэг зарчим, ёс зүйн хэм хэмжээ, хуульчийн тусгайлсан үүрэг, мэргэжлийн зарчимч байдлыг тусгаж, хуульчийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн. Хоёрдугаарт, хуульч мэргэжлийн дүрмээ зөрчсөн үйлдэл буюу мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шийтгэл хүлээлгэнэ. Иймд энэхүү нийтлэлээр хуульчийн мэргэжлийн зөрчилд хамаарах шийтгэлийн төрөл, түүний хэмжээг танилцуулж байна.

    Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд 2014.11.04-2017.12.25-ны өдрийн хугацаанд нийт 579 гомдол, мэдээлэл, хүсэлт ирсэн бөгөөд үүний дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 44 хуульчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, 26 хуульчид хаалттай сануулж, 10 хуульчид нээлттэй сануулж[1], 5 хуульчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай түдгэлзүүлж, 1 хуульчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлж, 1 хуульчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүй түдгэлзүүлж, 1 хуульчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгожээ.[2] Энэ нь Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос дараах хүснэгтэд харуулсан нийт 8 хэлбэрийн шийтгэлээс 6-г сонгож хуульчид сахилгын шийтгэл оногдуулсан болохыг харуулж байна.

Хүснэгт 1. Хуульчийн мэргэжлийн зөрчил ба сахилгын шийтгэлийн хамаарал

Д/д

Мэргэжлийн зөрчил дэх шийтгэлийн төрөл

Хугацаа /сар/

Шийтгэл ногдуулах нөхцөл

1

1.Сануулах

1.1. Хаалттай сануулах

-

Ялимгүй зөрчлөө шударгаар хүлээн зөвшөөрсөн, чин сэтгэлээсээ гэмшсэн[3]

2

1.2. Нээлттэй сануулах

-

Зөвхөн ялимгүй, эсхүл хөнгөн зөрчил[4]

3

2.Түдгэлзүүлэх

2.1. Шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай түдгэлзүүлэх

6 хүртэл

Зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ[5]

4

2.2. Хуульчийн зөвшөөрлийг хугацаатай түдгэлзүүлэх

6 хүртэл

5

2.3. Шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүй түдгэлзүүлэх

6+

6

2.4. Хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлэх

6+

7

3.Хүчингүй болгох

3.1. Хуульчийн зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох

12+

Зөвхөн хүнд зөрчилд оногдуулна[6]

8

3.2. Хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох

-

9

4. Нэмэгдэл шийтгэл

4.1. Ёс зүйн болон нөлөөллийн албадан сургалтад хамруулах

-

Зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнээс хамаарна[7]

    Эндээс Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо а) ямар зөрчилд аль шийтгэлийг оноох, б) шийтгэлийн хэмжээг хэрхэн тогтоох вэ? гэх асуулт гарч байна.

    Хуульчийн мэргэжлийн дүрэмд хуульчид мэргэжлийн хариуцлага хүлээлгэх зарчмыг тогтоосон. Ингэхдээ “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, шийтгэл хоорондоо дүйцсэн байх”, “зөрчил гаргасан нь бүрэн нотлогдоогүй бол шийтгэл ногдуулахгүй байх” талаар заасан.[8] Энэ нь мэргэжлийн зөрчил ба түүнд ногдуулах шийтгэл хоорондын шууд хамаарлыг тогтоох шаардлагыг бий болгож байна.

    Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 2 дугаар бүлгийн холбогдох хэсгээс үзэхэд хуульчийн мэргэжлийн зөрчлийг дараах байдлаар ангилж болохоор байна: 1) Ялимгүй зөрчил, 2) Хөнгөн зөрчил, 3) Хүндэвтэр зөрчил[9], 4) Хүнд зөрчил.

    Эдгээр зөрчлийг хооронд нь ялгах, шийтгэлийн төрлийг тохируулан сонгох, ямар хэмжээнд ногдуулахад харгалзах хүчин зүйлийг Хуульчийн мэргэжлийн дүрэмд дараах байдлаар заажээ. Үүнд: 1) зөрчлийн хүрээ; 2) учруулсан хор уршгийн хэмжээ; 3) гэм буруугийн хэлбэр; 4) зөрчлийн шалтгаан, нөхцөл байдал; 5) сүүлийн 12 сарын дотор шийтгэл хүлээсэн эсэх; 6) зөрчил нь хуулийн засаглал, шүүх эрх мэдэл болон хуульчийн мэргэжилд итгэх олон нийтийн итгэлд нөлөөлөх байдал; 7) хуульч гаргасан зөрчилдөө чин санаанаас гэмшсэн буюу зөрчлөө сайн дураар илчлэн ирсэн; 8) Хуульчдын холбооноос хэрэгжүүлж буй чиг үүргийг хувьдаа урвуулсан байдал.

Түүнчлэн Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журамд маргааныг шалгах ажиллагаа болон маргааныг шийдвэрлэх явцад 1) хариуцагч зөрчил гаргасан байдал; 2) хариуцагчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөл байдал; 3) хариуцагчийн мэргэжил, ур чадварын түвшинг заавал тогтоох талаар зохицуулжээ.[10]

    Иймд хуульчдын хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, хуульчийн мэргэжлийн дүрмийн заалтыг өөрөө зөрчих, зөрчихөөр завдахгүй байх шаардлагатай. Үүнээс гадна бусдын үйл ажиллагаагаар дамжуулан хуульчийн мэргэжлийн дүрмийн заалтыг зөрчих, зөрчихөөр завдах, эсхүл бусад этгээд зөрчихөд нь туслах, ятгах үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх нь зүйтэй байна. Нөгөө талаар хуульчтай харилцах, үйлчлүүлэх зэргээр хамааралтай болсон бусад хүний хувьд хуульчийг мэргэжлийн дүрмээ зөрчих үйлдэлд ятгах, түлхэхгүй байх шаардлагатай.

 


[1] Зөрчил гаргасан хуульчид өөрт нь ганцаарчлан сануулахыг хаалттай сануулах, нийтэд зарлаж сануулахыг нээлттэй сануулах гэнэ. (Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг)

[2] “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт Хуульчдын холбооны Тамгын газрын даргын танилцуулсан илтгэл. 2018.01.19

[3] Мөн “үйлчлүүлэгч, олон нийт, хууль зүйн тогтолцоо, эсхүл хуульчийн мэргэжлийн нэр хүндэд бага хэмжээний хохирол учруулсан, эсхүл хохирол учруулаагүй” байх нэмэлт нөхцөл бий. (Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)

[4] Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг

[5] Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 2.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг

[6] Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг

[7] Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

[8] Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, 20.5 дугаар зүйл /assets/media/uploads/huulchin-mergejlin-durem-170421022157.pdf

[9]  Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журамд ийм нэршил байхгүй. Гэхдээ ялимгүй, хөнгөн, хүнд зөрчилд шууд хамаарахгүй бусад зөрчилд шийтгэл оноох зохицуулалттай тул тэдгээр зөрчлийг “хүндэвтэр” гэж нэрлэж болох юм

[10] Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 6.2 дугаар зүйл

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24