Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Азийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хуульчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын талаар болон хуульчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, түүний шийдвэрлэлтийн талаарх судалгааг хийгээд байгаа билээ. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор өнөөдөр /2018.04.11/ Мэргэжлийн хариуцлагын хороо нь Шүүхийн ёс зүйн хороотой хамтран “Хуульчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нар нээж үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо, прокурор, шүүхийн байгууллага, Өмгөөлөгчдийн холбоо болон судлаачдын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр “Билиг” дээд сургуулийн захирал Б.Өлзийсайхан Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд ирүүлсэн хуульчийн ёс зүйн асуудалтай холбоотой санал гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүнг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдол, түүнийг хянан шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгааны үр дүнг тус тус танилцуулсан.
Тус хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах саналаа уламжлахын зэрэгцээ хуульчийн /шүүгч, прокурор, өмгөөлөгч/ ёс зүйн зөрчлийг шалгах асуудлыг олон газар биш Хуульчдын холбоонд харьяалуулан шийдвэрлэх, хуульчдын сахилга бат хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар байр сууриа илэрхийлж байлаа.
Энэ үеэр Азийн сангийн санхүүжилтээр хэвлүүлсэн “Хуульчийн ёс зүйн зөрчил, шийдвэрлэлтэд хийсэн дүн шинжилгээ, судалгаа”, “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийн эмхэтгэл”, “Шүүгчийн ёс зүй ба сахилга” зэрэг эмхэтгэлийг хэлэлцүүлэгт оролцогчдод тараасан юм.