Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос хуульчийн мэргэжлийн шалгалтыг боловсронгуй болгох зорилгоор “Эрх зүйн бодлого боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хуульчдын холбооны удирдлага, хууль зүйн их, дээд сургуулийн эрдэмтэд, профессор багш нар болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдыг төлөөлж 60 гаруй хуульч оролцсон.
Хэлэлцүүлгийн үеэр хууль зүйн доктор, профессор, Шалгалтын хорооны гишүүн Д.Сүнжид 2016, 2017 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын явц, үр дүн болон цаашид хуульчийн мэргэжлийн бодлогын шалгалтын даалгаврыг боловсруулах, гүйцэтгэлийг дүгнэхэд баримтлах нэгдсэн бодлого, зарчмын талаар мэдээлэл хийлээ.
Үүний дараа оролцогчид Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, гүйцэтгэлийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хэлэлцсэн 3 салбар хэлэлцүүлэгт оролцож, санал солилцсон.
“Иргэний эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор С.Должин, “Захиргааны эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, “Эрүүгийн эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Бадам, Н.Туяа нар удирдан явуулсан юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуульчийн мэргэжлийн бодлогын шалгалтын даалгаврыг боловсруулах, гүйцэтгэлийг дүгнэх, шалгалтад оролцогчдод зориулсан сургалт зохион байгуулах үйл ажиллагааг нэг мөр ойлгох, нэг аргачлалаар заах асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн.
Шалгалтын хороо нь хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан Зөвлөмжийг хууль зүйн их, дээд сургуульд хүргүүлэх, 2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг бодлогын хураамжийг хэвлүүлэх, шалгалтад бэлтгэж буй эрх зүйчдэд зориулсан бодлого бодох аргачлал, арга зүйн сургалт болон Сургалтын хороотой хамтран хуулийн их, дээд сургуулийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.