Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо нь “Иргэний хамгаалалт” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.04.02/ болж, Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн С.Баянмөнх, “Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн ахлах хуульч Х.Цэцэгхорлоо нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Санамж бичгийн хүрээнд хоёр тал иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллахын зэрэгцээ олон нийтийн дунд тандалт судалгаа явуулж, судалгааны дүнд үндэслэн зөвлөмж гаргахаар төлөвлөөд байна.