Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явуулсан. Тодруулбал, Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Мягмар “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, “Хан голомт” төвийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Хэнтий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй хуульч хамрагдсан юм.
Хуульчдын холбоо нь хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Хэнтий аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж, өдөрлөгт 10 гаруй иргэн оролцож зөвлөгөө авлаа.
Түүнчлэн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны гишүүн, Хэнтий аймгийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Г.Баясгалан, Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Хандаамаа нарыг “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өгсөн.
Мөн ажлын хэсэг нь Хэнтий аймаг дахь салбарын зохицуулагч, өмгөөлөгч Б.Болортунгалагт Монголын Хуульчдын холбооны тугийг гардууллаа.