“International Quality Awards-2018” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны гуравдугаар сарын 18-нд Герман улсын Франкфурт хотод боллоо. Тус шалгаруулалтад манай улсаас Өмгөөллийн “Заяа энд Золоо” нөхөрлөл оролцож, чанар болон бүтээмжийн шийдлээр өрсөлдөж “Алтан цом” хүртлээ.
“Заяа энд Золоо” нөхөрлөл нь энэхүү шагналыг Монгол Улсаас төдийгүй Ази тивээс авсан анхны хуулийн фирм болсноороо онцлог бөгөөд тус арга хэмжээнд 5 тивийн 42 улсын 62 байгууллага оролцож, “манлайлал болон менежмент”, “чанар болон бүтээмж”, “бизнесийн нэр хүнд болон брэнд”, “технологи, инноваци, өсөлт” гэсэн дөрвөн төрлөөр өрсөлджээ. Шагнал гардуулах ёслолын үеэр “Заяа энд Золоо” нөхөрлөлийн захирал Г.Батзаяа Монголын өмгөөллийн нөхөрлөлийн үйлчилгээний чанар, стандартын талаар танилцуулга хийсэн байна.
Өмгөөллийн “Заяа энд Золоо” хуулийн фирм нь 2013 онд байгуулагдаж, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн онолын болон практикийн өндөр мэдлэг, ур чадвартай хуульч өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмгөөллийн үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, хууль зүйн магадлан дүгнэлт, хууль эрх зүйн сургалт судалгаа, үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөх өгөх зэрэг үйлчилгээг үзүүлдэг байна.