Монголын Хуульчдын холбоо нь Хууль зүйн туслалцааны төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.03.14/ болж, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Талууд хамтын ажиллагааны хүрээнд хуульчийг улсын өмгөөлөгчөөр томилогдон ажиллах хугацаанд нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульчийн үргэлжилсэн багц цаг хангах асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хуульчдыг хамруулсан сургалт, сурталчилгаа зохион байгуулах, иргэдэд зөвлөгөө өгөх мэдээллийн баазыг бий болгоход хамтран ажиллах юм.
Мөн Холбооноос зохион байгуулж буй сургалт, бусад арга хэмжээнд тус төвийн улсын өмгөөлөгчийг хамруулж, улсын өмгөөлөгчийг сургагч багш болгоход дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Олон улсын барын холбоо болон бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагаас зохион байгуулах арга хэмжээ, чуулга уулзалт, хурал, зөвлөгөөнд улсын өмгөөлөгчдийг хамруулахад хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн Хууль зүйн туслалцааны төвийн “Иргэдэд үйлчлэх танхим”-д холбооны гишүүн өмгөөлөгчид эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр Монгол Улсын болон гадаадын иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөх болон орон нутаг дахь иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн байранд Холбооны гишүүн өмгөөлөгчдөөр дамжуулан үнэ төлбөргүй хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг иргэдэд түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулахаар тохиролцсон юм.