Монголын Хуульчдын холбооноос өмгөөлөгчийн туслах ажилтнуудад өмгөөллийн ур чадвар, дадал олгох сургалтыг 2018 оны хоёрдугаар сарын 24-нд зохион байгууллаа.
Сургалт нь Монголын Хуульчдын холбооноос өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байгаа туслах ажилтнуудад Хуульчийн харилцаа, хандлага болон Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүйн чиглэлээр мэдлэг олгох зорилготой байсан бөгөөд сургалтын нээлт, хаалтын үйл ажиллагаанд тус холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир нар оролцов.
Сургалтын хүрээнд “Хуульчийн харилцаа хандлага” сэдвээр “Хан голомт” группын захирал, докторант Ц.Азбаяр, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр Зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сургалтын хорооны гишүүн, докторант Г.Наранбаатар, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр “Үндэсний тагнуулын академи”-ийн ахлах багш, Хууль зүйн ухааны доктор Б.Нармандах нар тус тус хичээл заасан.
Сургалтад нийт 50 орчим өмгөөлөгчийн туслах ажилтан хамрагдсан бөгөөд тэдэнд гэрчилгээ олгож, Хуульчдын холбооноос гаргасан дүрэм, журмын эмхэтгэлийг гардуулан өгөв.