Монголын Хуульчдын холбоо нь Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.02.13/ болж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Санамж бичгийг бизнес, худалдааны эрх зүйн орчинг сайжруулах, арбитрын журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа болоод эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сурталчлах зорилгоор үзэглэсэн бөгөөд энэ хүрээнд бизнес, худалдааны эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэлэлцүүлэг зохион байгуулах, нөлөөллийн үйл ажиллагаа хийхээр төлөвлөжээ.
Мөн Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг арбитрын чиглэлээр мэргэшүүлэх, сэдэвчилсэн сургалт, семинар зохион байгуулах, Олон улсын арбитрын байгууллагуудтай холбоо тогтоон, арбитрын олон улсын практик, туршлагыг нэвтрүүлэх чиглэлийн сургалтанд сургагч багш нарыг урин оролцуулж, гишүүн хуульчдыг хамруулах, арбитрчаар ажиллахад дэмжлэг үзүүлж мэдээллээр хангахын зэрэгцээ Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим болон салбар танхимын ажилтан, гишүүдэд шинээр батлагдсан хууль, тогтоомжийн талаар сургалт зохион байгуулахаар тохиролцсон.
Түүнчлэн Хуульчдын форумын үеэр арбитр, эвлэрүүлэн зуучлал, бизнес, худалдааны эрх зүйн асуудлаар салбар хуралдаан зохион байгуулах, Арбитрын тухай хууль, арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг олон нийтэд сурталчлах, мэдээлэх нөлөөллийн үйл ажиллагааг хамтран хийхээр боллоо.