Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулсан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой иргэний эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 2 дугаар сарын 1-ны өдөр болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт Япон Улсын Иргэний эрх зүйн тэргүүлэх зэргийн эрдэмтдийн нэг профессор Масанобу Като “Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой ерөнхий зохицуулалт” сэдвээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг “Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбогдсон зохицуулалт, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Тус хэлэлцүүлэгт 130 гаруй хуульчид ирж оролцсон бөгөөд Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г.Даваадорж хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн үгэндээ: Иргэний эрх зүйн хороо нь цаашид иргэний эрх зүйн чиглэлээр олон хэлэлцүүлгийг өрнүүлэх зорилготой байгааг илэрхийлсэн бөгөөд энэ нь цаашлаад Монголын Иргэний эрх зүйн салбар өөрөө тасралтгүй хөгжихөд чухал ач холбогдолтой, иргэний эрх эрх зүйн чиглэлээр дагнан ажилладаг хуульч өмгөөлөгчид, сонирхон судалдаг судлаач, эрдэмтдэд судалгаа хийх, өөрсдийгөө хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн Иргэний эрх зүйн хороо нь дэлхийн хэмжээний багш, эрдэмтэн судлаачдын илтгэл, хичээлийг хуульчид та бүхэндээ хүргэхийг зорьж байгаа гэдгийг тэмдэглэн хэлээд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Хуульчдын холбооны Тамгын газарт, Иргэний эрх зүйн хорооны болон Хуульчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийллээ.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРОО