Олон Улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын дэд дарга Ларри Мэйби, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван нарыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан нар 2018 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээн авч уулзлаа.
Улаан загалмайн хорооноос Монгол Улсад Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулсан Ажлын хэсэгт Монголын Хуульчдын холбоог төлөөлж хоёр хүн оролцож байгаа бөгөөд уулзалтаар тус ажлын хэсгийн үйл ажиллагааг цаашид хэрхэн зохион байгуулж явуулах талаар ярилцсан. Мөн "Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хүний эрхийн механизм" сэдвээр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад сургалт, уулзалт зохион байгуулах, Олон улсын гэрээ, конвенцийн хэрэглээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсын хууль зүйн судалгаа, үнэлгээний ажил хийх, олон улсын гэрээ конвенцид нийцүүлэх, хуулийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээлүүдийг судалж, сайжруулахад хамтран ажиллах, үндэсний болон олон улсын түвшинд уулзалт, хурал зохион байгуулах талаар санал солилцсон юм.
Түүнчлэн 1949 оны Женевийн конвенц болон нэмэлт протоколын орчуулгыг дахин хянах ажлыг Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдын оролцоотойгоор хамтран хийх талаар хэлэлцэхийн зэрэгцээ Улаан Загалмайн хорооноос олон улсын хэмжээнд жил тутам зохион байгуулдаг Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн сургалт, семинарт гишүүн хуульчдыг оролцуулах талаар ярилцлаа.