ХУУЛЬЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот
Нэг. Зорилго
1.1. Энэхүү удирдамжийн зорилго нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.
Хоёр. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх
2.1. Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасны дагуу Хуульчдын эрхийг хамгаалах хорооны бүрэлдэхүүнд Шүүгчдийн хорооны төлөөлөл, шүүгч гишүүн тус хороонд нэрээ дэвшүүлэх эрхтэй.
Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа
3.1. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны 1 гишүүний орон тоонд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан шүүгч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.
3.2. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 17:30 цагт дуусгавар болно.
3.3. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой шүүгч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, нэрээ дэвшүүлнэ.
Дөрөв. Нэр дэвшигчид тавигдах шаардлага
4.1. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшигч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:
4.1.1. Шүүгчдийн хорооны гишүүн-шүүгч байх;
4.1.2. Сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр хариуцлага хүлээгээгүй байх;
4.1.3. Хуульчдын эрхийн хамгаалалтын асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний ажил нь нийтийн хүртээл болсон байх;
Тав. Бүрдүүлэх материал
5.1. Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:
5.1.1. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй);
5.1.2. Иргэний үнэмлэхний хуулбар;
5.1.3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
5.1.4. Сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр хариуцлага хүлээж байгаагүйг нотлох баримт;
5.1.5. Хуульчдын эрхийн хамгаалалтын асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний ажил нь нийтийн хүртээл болсоныг нотлох баримт (Бүтээлийн жагсаалт, эсвэл эрх бүхий этгээдийн тодорхойлолт)
Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг
6.1. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2018 оны хоёрдугаар сарын 02–ны өдрийн 17:30 цаг хүртэл Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо дор дурдсан хаягаар хүлээн авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 506 тоот.
Холбоо барих утас: 70116004