Монголын Хуульчдын холбооноос 2017 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээ гардан аваад байгаа шинэ хуульчдад зориулан хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг олгох сургалтыг зохион байгууллаа.
Сургалт 2018 оны нэгдүгээр сарын 12, 13, 15, 16-ны өдрүүдэд “Хуульчдын танхим”-д болсон бөгөөд 228 шинэ хуульч хамрагдсан.
Сургалтаас шинэ хуульчид Хуульчдын холбооны удирдлага, зохион байгуулалт, хуульч гишүүнийхээ хувьд Холбоотой хэрхэн харилцах, эрхээ хэрхэн эдэлж, үүргээ хэрхэн хэрэгжүүлэх үндэслэл, журмын талаар тодорхой мэдээлэл авсан. Мөн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах шаардлага, гарсан зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоо, зохион байгуулалтын талаарх анхан шатны мэдлэгтэй боллоо. Тодруулбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор, Хуульчдын холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хорооны дарга О.Мөнхсайхан “Хуульчийн ёс зүй”, “Хүний эрх” сэдвээр, Хуульчдын холбооны гишүүн, судлаач Д.Монголжингоо, Б.Төрбат нар “Хуульчдын холбооны бүтэц, чиг үүрэг” сэдвээр, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэсүрэн “Хуульчийн мэргэжлийн хариуцлага” сэдвээр тус тус хичээл заасан юм.