ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД
НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот
Нэг. Зорилго
1.1. Энэхүү удирдамжийн зорилго нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.23 дахь хэсэгт зааснаар Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.
Хоёр. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх
2.1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох бөгөөд тэдгээрээс бусад хуульч тус хороонд нэрээ дэвшүүлэх эрхтэй.
Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа
3.1. Шүүхийн мэргэшлийн хорооны 1 гишүүний орон тоонд Шүүхийн захиргааны тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.
3.2. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цагт дуусгавар болно.
3.3. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, нэрээ дэвшүүлнэ.
Дөрөв. Нэр дэвшигчид тавигдах шаардлага
4.1. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна:
4.1.1. хууль зүйн өндөр мэргэшилтэй;
4.1.2. хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай;
4.1.3. мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан.
Тав. Бүрдүүлэх материал
5.1. Нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журмын 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан дараах материалыг бүрдүүлж, Хуульчдын холбоонд хүргүүлнэ:
5.1.1. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл;
5.1.2. Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
5.1.3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
5.1.4. Ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны 3-аас илүүгүй тодорхойлолт;
5.1.5.Маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл/Маягт ТАТАХ/
5.1.6.Хууль зүйн магистр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
5.1.7. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт
Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг
6.1. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2018 оны нэгдүгээр сарын 23–ны өдрийн 17:30 цаг хүртэл Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо дор дурдсан хаягаар хүлээн авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 506 тоот.
Холбоо барих утас: 70116004