Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр, уламжлал болгон Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Чимид сан, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан Легал Дата зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн байгууллагын алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч, багш, магистрант, докторант гээд нийт 19 илтгэл, оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Шихихутуг их сургуулийн оюутнуудаас 30 илтгэл ирүүллээ.
Уралдааны эхний шатны шалгаруулалтыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллийн олонхийн саналаар шалгаруулалтыг хийлээ.
Шалгаруулалтыг хийхдээ зохиогчийн талаарх мэдээллийг авалгүйгээр илтгэл тус бүрийг уншин танилцаж, илтгэлийн сэдэв, шинэлэг санаа, тулгамдсан асуудал-шийдэл дэвшүүлсэн байдал, практик ач холбогдолыг нотолсон эсэх, логик агуулгатай эсэх, санаагаа товч бөгөөд тодорхой, оновчтой дэвшүүлсэн эсэх, гаргасан дүгнэлт, санал бодитой эсэх, ишлэл зүүлтийг зохих ёсоор авсан эсэх, удирдамжид тавигдсан бусад шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзлээ.
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:
-Б.Сод-Эрдэнэ “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх нь”, -Н.Баярмаа “Газрын эрхийн үндэс: Өмчийн ба үүргийн эрх”,
-А.Түвшинтөгс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 41-т заасан заалт нь Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4 болон 5 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай үндэслэл, тайлбар”,
-Л.Галбаатар “Үндсэн хуулийн зарчмыг тодотгох нь: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнгөөс шүүгчид нөлөөлдөг үү?”,
-О.Хишигмөнх “Улсын Их Хурлын хууль тогтоох ажиллагаан дахь тулгамдсан зарим асуудал”,
-С.Энхбаяр “Шүүхийн шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрчлөх нь Үндсэн хуульд нийцэх үү?” сэдэвт илтгэл шалгарлаа.
Оюутны салбарт:
-Б.Гал-Ариун, Б.Сувд “Амьгүй донорын халдашгүй эрхийг Үндсэн хуулийн эрх зүйгээр хамгаалах нь”,
-М.Сонинцэцэг “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхтэй холбоотой асуудал түүнийг шийдэх арга зам”,
-С.Бат-Орших “Монгол Улс дахь шүүхийн жишиг ба түүнийг өөрчлөх асуудал”,
-Д.Номин “Шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зарим асуудал”,
-Б.Халиунаа “Дархлаажуултанд заавал хамрагдах ёстой юу?”,
-Н.Булгантамир “Үндсэн хууль ба Ерөнхийлөгчийн хориг” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 9.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ.