Хүний эрхийн олон улсын өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, “Эмнести интернэшнл” байгууллага, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран "Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй” онол практикийн бага хурлыг өнөөдөр /2017.12.07/ зохион байгууллаа.
Бага хурлын чиглүүлэгчээр Монголын “Эмнести интернэшнл” байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа ажилласан бол хүндэт зочдоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар оролцсон.
Хүний эрхийг хамгаалагчдын зүгээс хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, бодитоор эдлүүлэхэд хүний эрхийн боловсрол чухал үүрэгтэйг онцолж байлаа. Түүнчлэн төр засаг хүний эрхийн боловсролыг албан боловсролын тогтолцоогоор түгээхээс гадна цагдаа, шүүх, захиргааны байгууллага, эмч, эмнэлгийн ажилтан зэрэг төрийн бүх албан хаагч, агентлаг болон хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд хүний эрхийн боловсролыг сургалтаар үргэлжлүүлэн хангах нь чухал байгааг дуулгаж байсан бөгөөд энэ удаагийн бага хуралд эрдэмтэн багш, судлаач, хуульч, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, албан хаагчдын төлөөлөл болсон 120 гаруй хүн оролцсон.
Хуралд оролцогчдын зүгээс хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг хангалтгүй байгаагаас хүмүүсийн эрх зөрчигдөж, эрхээ хамгаалж чадахгүй, бусдын эрхийг зөрчиж буй эхэсээ ухамсарладаггүй байдал нь хүний эрхийн зөрчил оршсоор байх гол нөхцөл болсоор байгааг онцолсон юм.
Хүний эрхийн боловсролын асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах, Монгол Улсад дэлхийн хүний эрхийн боловсролын НҮБ-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг онол, практикийн түвшинд судлах, цаашид сайжруулах арга замыг санал болгон зөвлөмж гаргах зорилготойгоор зохион байгуулсан тус хурлын үеэр “Насан туршийн суралцах үйл явц дахь хүний эрхийн боловсрол”, “Албан бус боловсролоор хүний эрхийн боловсрол олгож буй нь” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн Сургалтын бодлого, холбогдох бусад бодлого, түүний хэрэгжилт: Тэргүүн туршлага, цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээ”, “Хүний эрхийн хичээлийн агуулга, хөтөлбөр”, “Ажлын байран дахь хүний эрхийн боловсрол: хэрэгцээ, шаардлага, туршлага” сэдвүүдээр салбар хуралдаануудыг зохион байгуулсан юм.
“Албан бус боловсролоор хүний эрхийн боловсрол олгож буй нь” хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан ажилласан бөгөөд хэлэлцүүлгийн бичлэг болон "Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй” онол практикийн бага хурлаас гаргасан зөвлөмжийг Холбооны цахим хуудаст удахгүй нийтлэх болно.