Хуулийн нөхөрлөлүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна

2015-08-19 | Уншсан: 1105

    Сингапурын Олон улсын арбитрын төвөөс арбитрын үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр нь харуулах зорилгоор бүтээсэн сургалтын видеог Монголын Хуульчдын холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Сингапурын Олон улсын арбитрын төв хамтран 2015 оны тавдугаар сарын 20,21-нд зохион байгуулсан сургалтын үеэр ашигласан билээ.

 

    Энэ видео нь талуудын хооронд арбитрын маргаан гарахаас эхлээд арбитрын үйл ажиллагааг эхлүүлэх, арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх бүх үйл явцыг харуулдаг. Сингапурын Олон улсын арбитрын төв уг видеог англи хэлээр гаргасан бөгөөд Бизнесийг дэмжих санаачлага төсөл нь дээрх сургалтад зориулж 21 хэсэг бүхий цуврал видеог (3.5 цаг гаруй) монгол хэл рүү орчуулж, дуу оруулах ажлыг хариуцан гүйцэтгэсэн юм.

 

    Сургалтад оролцсон хуульчдаас уг видеог монгол хэлээр худалдан авах хүсэлт гаргасан учраас Бизнесийг дэмжих санаачилга төсөл нь Монголын Хуульчдын холбоо, Сингапурын Олон улсын арбитрын төвтэй ярилцах замаар монгол хэл дээрх видеог сонирхсон хувь хүн, байгууллагад борлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.  

 

    Үүнтэй холбогдуулан Сингапурын Олон улсын арбитрын төвийн тавьсан хүсэлтийн дагуу Монголын Хуульчдын холбоо нь орчуулгыг хянах нэр хүндтэй хуулийн фирмтэй хамтран ажиллах хүсэлтэй байна.

 

    Энэ ажил нь арбитрын асуудлыг хуульч, эрх зүйчдэд таниулан ойлгуулах, чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн учраас хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа /probono/-ны хүрээнд гүйцэтгэгдэх бөгөөд ажлыг гүйцэтгэх хуулийн фирмийг Монголын Хуульчдын холбоо, Сингапурын Олон улсын арбитрын төв хамтран сонгон шалгаруулах юм.

 

Иймд Монголын Хуульчдын холбоонд бүртгэлтэй бүх хуулийн фирмийг энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

 Тус сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн фирм нь Л.Пүрэвбямба (Утас: 70116995, 89100106, 99186562, И-мэйл хаяг: puujeelh@yahoo.com)-тай холбогдоно уу.

 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

СУРГАЛТЫН ХОРОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн