Хуульчдын холбооны Зөвлөл хуралдлаа

2015-07-08 | Уншсан: 846

Монголын Хуульчдын холбооны Зөвлөл зургадугаар сарын 30-нд ээлжит хурлаа хийж, дараах асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргажээ.

 

Хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудыг тоймлон хүргэе:

 

1.    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 53, 59 дүгээр тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийн саналыг баталгаажуулах эсэх асуудлыг хэлэлцэж, 36  хуульчийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах мэргэшил, ур чадвар, нэр хүндийн шаардлагыг “хангана” гэж дүгнэжээ.

 

2.    2014 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд гишүүнээр элсэх өргөдлөө гаргаагүй 2 иргэнийг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж, Хуульчдын холбооны гишүүнээр бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

 

3.    Шүүхийн мэргэшлийн хороонд нэр дэвшүүлэх асуудлаар Шалгалтын хорооны саналыг хэлэлцсэн бөгөөд нэр дэвшсэн найман хуульчаас хэн нь ч хуралд оролцсон Зөвлөлийн гишүүдийн олонхын саналыг аваагүй байна. Иймд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг дахин явуулахаар тогтжээ.

 

Мөн тус өдрийн хурлаар О.Машбатыг Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, сахилгын шинжээч Т.Жадамбааг Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны даргын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилохын зэрэгцээ Зөвлөлийн дараагийн ээлжит хурлыг есдүгээр сарын 5-нд хуралдуулахаар товлосон байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн