ӨМГӨӨЛӨГЧ НАР 2200 ГАРУЙ ИРГЭНД ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

2015-05-26 | Уншсан: 1026

    Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 87 жилийн ойг угтаж, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь НЗДТГ, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх "Өмгөөлөгч-Танд тусалъя" өдөрлөгийг өнгөрсөн бямба гаригт Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

        Монголын Хуульчдын холбоо нь тус өдөрлөгийн үеэр өмгөөлөгч нарын сонирхсон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ холбооны Удирдах зөвлөл болон хороодод гишүүнчлэлтэй өмгөөлөгчдөө өөрийн асарт байрлуулж, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилласан юм.

        Тусгаар тогтнолын талбайд өмгөөллийн "Элч", "Адвокат", "Монгол өмгөөлөгч" "Соёмбо партнерс", "Алтан зөвлөх", "Илч", "Хамаг монгол-Хуульч", "Гэрээт легал групп" зэрэг 10 нөхөрлөлийн 40 гаруй өмгөөлөгч ажиллаж, 430 гаруй иргэнд, Нийслэлийн зургаан дүүрэгт Монголын Хуульчдын холбоо болон МӨХ-ны гишүүн 35 өмгөөлөгч ажиллаж, 380 гаруй иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн байна.

       

        Түүнчлэн "Өмгөөлөгч-Танд тусалъя" өдөрлөгийг 14 аймагт зохион байгуулсан бөгөөд 1436 иргэн үнэ төлбөргүй зөвлөгөө авчээ.

Өдөрлөгийн хүрээнд хууль зүйн туслалцаа авсан иргэдийн олонх нь  газрын маргаан, гэр бүлийн хүчирхийлэл, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмж, гэр бүл цуцлалттай холбоотой асуудлаар мэдээлэл авч байсныг өмгөөлөгчид онцолж байв. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн