ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2015-05-14 | Уншсан: 980

    Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн бямба гаригт буюу тавдугаар сарын 09-нд боллоо.Тус хурлаар дараах таван асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргажээ.

 

Хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудыг тоймлон хүргэе:

 

1.    Хууль зүйн сайдын 2015 оны А/03 дугаар тушаалаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгээс “Хуульчийн эрх зүйн байдал, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

 

2.    Анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчид нэр дэвшсэн хуульчдын мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийн саналыг баталгаажуулах асуудлыг хэлэлцэж, 42 хуульчийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллах шаардлагыг “хангана” гэж дүгнэлээ.

 

3.    Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооноос гаргасан саналын дагуу 2013 оны хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан хуульчдын багц цагийг 2014 оны сургалтын багц цагт, 2014 оны хуульчийн үргэжилсэн сургалтад хамрагдсан хуульчдын багц цагийг 2015 оны сургалтын багц цагт тус тус шилжүүлэн тооцохоор шийдвэрлэв.

 

4.    Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлаар Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны саналыг хэлэлцэж, Зөвлөлийн хуралд оролцогчдын олонхын саналаар хуульч Аюурзанын Энхжавыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов.

 

5.    2014 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд зохион байгуулсан Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд гишүүнээр элсэх өргөдлөө гаргаагүй зарим иргэдийг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэн, 11 иргэнийг Хуульчдын холбооны гишүүнээр бүртгэхээр шийдвэрлэв.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн