ЭРХ ЗҮЙН ШҮҮМЖЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

2015-03-19 | Уншсан: 1517

    

        Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын     хөгжлийг дэмжих хороо, “Оюуны-Инноваци” эрх зүйн судалгааны төв хамтран “Эрх зүйн шүүмж судлал” сэдэвт хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 16-нд Хуульчдын танхимд зохион байгууллаа.

       Эрх зүйч, хуульчдыг хамруулсан тус хэлэлцүүлгийн үеэр “Эрх зүйн шүүмж судлал, Монгол Улсад хөгжүүлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн багш, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тэрбээр “Манай улсын хууль зүйн шинжлэх ухааны салбарт шүүмж судлал хөгжихгүй байгаа нь нууц биш” хэмээлээ.

        Мөн “Шүүхийн шийдвэрт анализ хийх аргачлал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан илтгэл тавьсан. Тэрбээр эрх зүйн мэргэжлийн сэтгүүлүүдэд шүүмж нийтэлдэг тусгай булан бий болгох, хуульчдын холбооны салбар хороод нь тухайн салбар эрх зүйн хүрээнд гарсан шинэ ном, бүтээл судалгааны талаар шүүмж хэлэлцүүлэг зохион байгуулж хэвших, эрх зүйн чиглэлийн номын шүүмжийг мэргэжлийн болон судалгааны байгууллагууд дэмжин хэвлүүлдэг болох, шүүхийн шийдвэрт хөндлөнгийн зүгээс мэргэжлийн дүн шинжилгээ хийх зэрэг саналыг дэвшүүлж байсан юм.

        Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс “Хууль зүйн чиглэлийн сурах бичиг, хууль тогтоомж, шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх, тухайн ном, бүтээлүүдийн талаар онолын мэтгэлцээн өрнүүлэх, шүүмж гаргах зэрэг практик манай улсад бий болоогүй учраас судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч байдал орхигдоход хүрсэн. Тиймээс эрх зүйн шүүмжлэгчдийг хөгжүүлэх, тэднийг дэмжих хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байна” гэдгийг онцолж байлаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн