ОЛОН УЛСЫН АРБИТР, БИЗНЕС ХЭЛЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН (INTERCOLLEGIATE NEGOTIATION COMPETITION)-Д МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭЛЭЭ

2022-12-06 | Уншсан: 692

    2002 оноос хойш зохион байгуулагдаж буй “Олон улсын арбитр, бизнес хэлэлцээний тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) 21 дэх удаагаа 2022 оны арваннэгдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдлаа.

 

     Тус тэмцээнд Япон Улсын их, дээд сургуулиудаас гадна Сингапурын үндэсний их сургууль, Голландын Тилбургийн их сургууль, Бээжин Нормал их сургууль, Индонезийн их сургууль, Солонгосын Солбридж олон улсын бизнесийн их сургууль, Австрали улсын үндэсний шигшээ баг, Монгол Улсын Их Сургууль зэрэг найман улсын 44 баг оролцон, англи болон япон хэлээр өрсөлдсөн.

 

       

     МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг уг тэмцээнд 2017 оноос хойш зургаа дахь жилдээ амжилттай оролцлоо. Тодруулбал,  2018 онд шагналт 7 дугаар байр, 2019 онд 8 дугаар байрт шалгарсан бол, 2020 онд япон хэлний хэлэлцээний төрөлд тэргүүн байр эзлэн “Япон хэл дээрх шилдэг хэлэлцээ” цомын эзэн болсон. Харин энэ жил англи хэлний арбитрын төрөлд тэргүүн байр эзэлж, таван гол шагналын нэг болох “Англи хэл дээрх шилдэг арбитр” (Best English Arbitration Award) цомын эзэн боллоо. 

       Олон улсын томоохон тэмцээнд амжилттай оролцсон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд, удирдаж чиглүүлсэн багш, баг хамт олонд баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн