Ш.ЦОГТОО: ХУУЛИЙГ МУХАР СОХРООР ШҮТСЭНИЙ ХЭРЭГГҮЙ

2022-10-30 | Уншсан: 717

“ХУУЛИЙГ МУХАР СОХРООР ШҮТСЭНИЙ ХЭРЭГГҮЙ" 

 

РЕДАКЦИЙН ҮГ: Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор,  Хууль зүйн ухааны доктор, Монгол улсын гавьяат багш,  хуульч, өмгөөлөгч Ш.Цогтоогийн “Хуульчдын форум-2022”  үндсэн хэлэлцүүлгийн ерөнхий тойм - хууль зүйн  аналитик илтгэлийн эх хувийг “ХУУЛИЙГ МУХАР СОХРООР ШҮТСЭНИЙ ХЭРЭГГҮЙ” сэдэв дор дэлгэрэнгүйгээр нь нийтлэв. 

    Сайн байцгаана уу. Эрхэм хүндэт хуульч, судлаачид Та бүхний энэ өдрийн амар мэндийг эрье.  “Хуулийг мухар сохроор шүтсэний хэрэггүй” илтгэл 2 хэсгээс бүрдэнэ.

     Нэг дэх нь олон оролцогч, илтгэгчтэй  “Хуульчдын форум-2022” үндсэн хэлэлцүүлгийн эхний хэсэгт аналитик хийлгэх зохион байгуулагчдын хүсэлтийг хүлээн авсандаа хүлцэл өчье. Энэ нь надад арай ахадсан ажил боловч оролцогч тус бүрээр товч тоймлосон дүгнэлт хийхийг оролдох болно. Хоёр дахь нь хуульчдад маань хэзээд хэрэг болоод байж мэдэх өөрийнхөө 40 гаруй жил хууль эргүүлж яваа судалгааны ажлынхаа зарим үр дүнгийн дээжээс тольлуулахыг хүслээ. Хүлээн авна уу.

Нэг дэх асуудлын хувьд:

     а) Юуны урьд нүд нээж, чих онгойлгон, сэтгэл сэргээсэн шинжлэх ухаанч арга зүй ханхалсан сайхан илтгэлүүдийг бид бүхэнд сонордуулж буй илтгэгч нарт талархаж байгаагаа хэлмээр байна. Хэлэлцэж буй сэдвүүд яах аргагүй тал бүрээс нь ярилцах, үнэлэлт дүгнэлт өгөх асуудал байжээ гэдэг нь илтгэгчдийн дүгнэлтүүдээс хэн бүхэнд ойлгогдож байгаа байх аа.

     Илтгэгчдийн маань судалгаа шинжилгээний ажлын арга зүйн чиг хандлага, ажил хэрэгч санал, санаачилгууд монголын хуульчдын дуу хоолойгоор дамжиж нийгэмд хүрч, Үндсэн хуулийг дээдлэн шүтэх зарчмыг түмэн олонд түгээн дэлгэрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол үр дүн нь гэвэл Үндсэн хууль хэрэглэж буй иргэд, байгууллага, хуульчид нэгдсэн ойлголттой болж байгаад түүний нэг чухал ач холбогдол орших болов уу. Илтгэгч, эрдэмтэн судлаач, докторууддаа их баярлалаа.

     б) Монголын хуульчдын энэхүү ээлжит форумд Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуульт байгууламжийн фундамент суурийг ирээдүй үедээ тавьж өгсөн Үндсэн хууль тогтоогч (Үндсэн хууль бүтээх үйл ажиллагааны эзэд гэсэн үг л дээ), АИХ-ын дарга, гавьяат эдийн засагч Ж.Гомбожав ахайтан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар,   гавьяат хуульч Н.Жанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан гавьяат хуульч Л.Цог, Үндсэн хууль судлаач,  гавьяат багш, “иргэн” Д.Ламжав, ҮХЦ-ийн гишүүн асан, Үндсэн хууль тогтоогч, Монгол Улсын гавьяат хуульч Д.Чилхаажав нарын эрхэм хүндтэй төлөөлөгчид энд хүрэлцэн ирж Та бүхэнд чин сэтгэлийн үгээ илэрхийлж байгаа нь “Хуульчдын форум – 2022” зөвхөн эрх зүйн асуудал тойрсон явцуу хэлэлцүүлэг биш, нийгэм эдийн засгийн харилцаа, улс төр судлал, түүх судлалын нийлмэл цогцыг хөндсөн өргөн утга агуулгаар уг үйл ажиллагааг улам бүр төгөлдөржүүлэн өгч байна.

     Үндсэн хууль тогтоогч Та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд монголын өнцөг булан бүрээс энд хүрэлцэн ирсэн хуульчид болох шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, хуульч судлаачид, их дээд сургуулийн багш хуульчид, мөн төр засгийн ажил албанд зүтгэж байгаа хуульч мэргэжилтнүүд болон Монголын Хуульчдын холбооны нэрийн өмнөөс Та нар маань эрүүл энх байж, урт насалж монголынхоо ирээдүй үеийн итгэл үнэмшил болж байх болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

     в) Монголын ард түмний хүсэл зоригийн язгуур суурь илэрхийлэл болсон Үндсэн хуулиа элдэв гэмтэл бэртэл, халдлага дайралтад автагдуулчихгүй яаж бүрэн бүтэн байлгах вэ? гэдэг ариунаас ариухан үйл хэргийн төлөө, бас аливаа шударга бус увайгүй үйлдэлд сэтгэл зүрхээ чилээсэн олон зуун хуульчдын шаардлага, өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч ийм том үндэсний хэмжээний хуульчдын форум зохион байгуулж буй монголын 6700 гаруй хуульч мэргэжилтнүүдийг эгнээндээ багтаасан Монголын Хуульчдын Холбоо  (МХХ гэх)-ны үе үеийн удирдах зөвлөлийн гишүүд, түүний ажлын албаныхны хичээл зүтгэл, сайн үйлсэд нь хэлэх сайн үг олдохгүй байна. Ямартай ч хуульчдынхаа цааш цаашдын ажил амьдралд улам их амжилт хүсье. Үндсэн хуульдаа үнэнч байгаа Та бүхэнд маш их баярлалаа.

     Монголын Хуульчдын холбоо гэж хэдэн муусайн хуульчдаа өсөж өндийхөд нь дэмжиж тусалдаг, унжиж уруудахад нь өмгөөлөл хамгаалалдаа авдаг сайхан байгууллага жилээс жилд хүрээгээ тэлэн төлөвшиж байгаа нь тун сайн хэрэг ээ. Хэн ч гэсэн хэрэг төвөгт орооцолдоход ойрхон, ядарч туйлдахад амархан болчихсон энэ хэцүү цаг үед шүүгч, прокурор, өмгөөлөгч, цэцийн гишүүн гээд хуульчдын гал тогооноос гарсан хэн ч бай хуульчдынхаа холбоог сайн дэмжиж байвал магадгүй ядрах нэгэн цаг ирэхэд чи бидэнд түшиг тулгуур болж мэдэх ийм нэгэн байгууллага чиний өмнө, таны ард байгаа шүү гэдгийг хэлмээр санагдлаа.

     Монголын хуульчдын шударга дуу хоолой энд хэчнээн үнэ цэнтэй байгаа нь олон асуудал дээр тод томруун харагдаж байна. Шударга зарчимч хуульчдын дуу хоолойгоор өлсөж цангасан иргэд олон нийт шударга бус, хууль бус, тэр байтугай Үндсэн хуульдаа хүртэл хүйтэн гар дүрсэн увайгүй үйлдлийн өмнө яаж шүү ядарч туйлдан өөрийн гэсэн итгэл үнэмшлээ алдаж буйг Үндсэн хууль тогтоогчид маань тун чиг ойлгомжтой хэллээ. Товчдоо бол энд үг хэлж, илтгэл тавьж буй бүх хүн Үндсэн хуулиа бүрэн бүтэн байлгах асуудлыг маш хурцаар хөндөж тавьсан ийм үнэ цэнтэй үйл явдал өрнөж байна.

     г) Миний бие илтгэгчид болон үг хэлж буй бусад хүнтэй нэгдмэл байр суурьтай байгаа тухайд хэдэн үг нэмье. Тухайлбал, Гавьяат хуульч Н.Жанцан, гавьяат хуульч, доктор, профессор Ц.Сарантуяа, Хууль зүйн ухааны доктор, ҮХЦ-ийн гишүүн асан В.Удвал, Хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, профессор Т.Мэндсайхан, чөтгөрийн бага нь адтай гэгчээр хуульч А.Базар нарын нэжгээд хүмүүсийн илтгэл шүүмж, хэлэлцүүлэг нэгийг хэлж нөгөөг бодогдуулж байна.

     Миний бие яах вэ Цэц гэдэг том айлын тогооноос 7 жил хоол хороосон ч гэсэн илтэд буруу зүйл дээр,  тэр тусмаа өөрийнхөө судалгааны ажлын гол объект болсон Үндсэн хуулийн эмзэг, нарийн төвөгтэй асуудал дээр та бүхэнтэй санал нэг байгаагаа хэлмээр байна. Шуудхан хэлчихэд хамгаалах ёстой Үндсэн хуульдаа өөрсдөө халдлага үйлдчихсэн Цэцийн энэхүү халдлагыг займчуулж хэн нэг “захиалагч”-ийн тухай ярьж үймүүлэх, аль нэг нам руу түлхэж зайлуулах, эрт эдүгээ цагийн “төрийн 3 өндөрлөг”-тэй холбогдуулах гэж оролдох, янз бүрийн нөхдүүдээр элдэв эрээн мяраан тайлбар хийлгэх зэрэг аливаа увайгүй үйлдлүүд ямар ч утгагүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

     Энд хэрэг үүсгэж тогтоол шийдвэр гаргасан цэцээс өөр буруутныг хайх хэрэггүй ээ. Учир нь хэргийн эзэд, хэнгэргийн дохиур тодорхой. Цэц ийм буруу зүйл хийсэн үү гэвэл хийсэн. Цэц Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг маш том алдаа гаргасан. Одоо энэ алдаагаа Цэц өөрөө засаж нүглээ наманчлах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэсэн тов тодорхой заалтыг бүдүүлгээр зөрчиж, хоёрхон жилийн өмнө 2019 онд ард нийтээр хэлэлцүүлж байгаад баталсан Үндсэн хуулийн ямар ч маргаангүй зүйл, заалтыг шууд устгасан Үндсэн хуулийн цэц өөрөө буруутай. 

    Тухайлбал, УИХ, Г.Занданшатар дарга “Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийг үндэслэж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийж яавч болохгүй. Яагаад гэвэл Цэц хууль тогтоогчийн бүрэн эрхэд халдаад байна. Цаашид Цэцээр ийм нэмэлт, өөрчлөлт хийлгэж болохгүй” гээд тэр дор нь Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулаад уг асуудалд цэг тавьсан гэж ойлгогдохоор байгаа. УИХ-ын шийдвэр зөв үү? буруу юу? гэдэг нь дараа дараачийн асуудал. Ямартай ч Цэцийн дээрх ухамсаргүй, сахилга хариуцлагагүй үйлдэлтэй харьцуулан үзвэл УИХ-ын энэ алхам зөрчилтэй хэдий ч хамаагүй дэвшилттэй байгаад л хэргийн гол учиг оршиж байгаа юм. Товчдоо бол Цэцийн 02 тоот тогтоол 7 хоног ч үйлчлээгүй. Цаашид ч үйлчлэхгүй.   

     Гэхдээ Цэц Үндсэн хуульд халдсан халдлагаа өөрөө хүчингүй болгоогүй цагт түүнийг жишиг болгон ашиглах, хэрэглэх кэйс нь дараа дараачийн парламент, цэцийн үйл ажиллагаанд хэвээр хадгалагдсаар байх болно  гэдэг нь  маш их  сөрөг үр дагавартай  болох нь ойлгомжтой хэрэг. Гэтэл “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” хэмээх асуудлыг онол практикын хурлаар ахин дахин хэлэлцэж байгаа нь УИХ-ын дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм шиг л ойлгогдох боллоо.  Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох гэж оролдохын оргил завхрал нь саяны Цэцийн Үндсэн хуульд халдсан халдлага юм.  Үүнээс цааш боловсронгуй болгох гэж их мэрийвэл “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” алхам руу шилжиж, улс төрийн хямралд хүргэхийг огт үгүйсгэхгүй. Энэ бол бараг зүй тогтолт (“Закономерность”) процесс гэдэг нь хөгжиж буй орнуудын жишээн дээр ажиглагдсаар буй сөрөг үзэгдэл юм.

      Энд цэцийн бүх гишүүдийг хавтгайруулан буруутгах хэрэггүй, яагаад гэвэл аливаа ярвигтай асуудал Цэц дээр 1/3-ийн саналаар батлагддаг буруу жишиг хэдийн тогтчихсон шүү дээ. Гэхдээ Цэц өөрийн гаргасан  2022 оны №02 тоот тогтоолоо өөрөө хүчингүй болгож, ямар алдаа хийсэн яг түүн шигээ Үндсэн хуулийг хэвийн горимд оруулах хэрэгтэй. Илэрхий буруу юм хийчхээд засах болохоороо зөв юм дуугарч буй хол ойрын хүмүүсийг хавчиж гадуурхсан, бөөрөлхөж дээрэлхсэн элдэв гоншигносон юм яриад нэг дээшээ хатгаад, нэг доошоо хатгаад байж таарахгүй буй за. Буруу зөв хоёроос булзах газар байхгүй болохоор үнэнд сөгдөж, сайханд ойрхон явсан нь өлзийтэй гэдгийг ахин дахин хэлэхэд илүүдэх юун.

     Зүй нь бол Үндсэн хууль зөрчсөн тухайлсан нэг салбар хуулийн зүйл, заалт юм уу, аль эсхүл Үндсэн хууль зөрчсөн гэм буруутай албан тушаалтны үйлдлийг Цэц хэлэлцдэг болохоос “Үндсэн хууль нь өөрөө буруу” гэж хэлэлцдэг тийм шүүх, тийм цэц манай улсаас өөр оронд байхгүйг саяхан болсон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 20 жилийн ойн олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр Япон, Солонгос, Сингапурын эрдэмтэд асуултад хариулахдаа ямар ч хоёрдмол утгагүй нотолж баталж л байналэй.

     Монголын "Хуульчдын форум" дээр илтгэл тавьж, үг хэлж, асуулт хариулт авч, шинжлэх ухаанч шүүмжлэл өрнүүлж буй бүх хуульчид “Үндсэн хуулийн цэцийг л онилж” нөгөөх Үндсэн хуулийн манаач гэгдэх Цэц нь Үндсэн хуулийг хамгаалахаас өөр ямар ч эрхэм үүрэг, зорилгогүй атлаа яагаад нийтийн сайн сайханд тулгуурласан Монголын ард түмний бүрэн эрхт байдлын баталгаа болсон Үндсэн хуульд хүйтэн гар дүрж, түүний тодорхой зүйл заалтыг улайм цайм хүчингүй болгосон бэ?

     Урьд өмнө нь ардчилсан соёлт нийгэмд ер тохиолдож байгаагүй ичгүүр сонжуургүй Цэцийн энэхүү гаж үзэгдлийг эргэж харахгүй бол Монгол Улсын шударга ёсны ирээдүйд маш муухай хар толбо, буруу жишиг тогтоно хэмээн хуульчид төдийгүй Монголын сэхээтний өргөн давхарга  зэвүүцэн дургүйцэж байгааг харахад үнэхээр сэтгэл өвдмөөр байна шүү.

     Миний бие яахав судлаачийн хувьд, багш хүний хувьд, Үндсэн хуулийн манаачаар бас ч гэж хэдэн жил үүрэг гүйцэтгэсний хувьд Цэцэд холбогдох дээрх асуудлуудын хүрээнд эргэцүүлэн бодох ёстой жижиг гэлтгүй 2 зүйлийг нэмж дурдъя.Үүнд:

     а.Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Цэцийн бага суудлын 3 гишүүний 2-ынх нь, дунд суудлын 5 гишүүний 3-ынх нь саналаар Үндсэн хууль зөрчсөн гэж буй тухайн асуудлаар УИХ холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа одоогийн буруу практик руугаа үнэхээр эргэж харах цаг иржээ.

     Товчдоо бол Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-аас буцааж буй нөхцөлд их суудлын 9 гишүүн маань аль хэдийн өмнө нь дунд суудлаар шийдвэрлэгдсэн асуудлыг 99%-ийн өндөр түвшинд эцэслэн баталгаажуулдаг нь наанаас харахад  2/3-ын саналыг хүлээн зөвшөөрч буй мэт харагддаг боловч  “асуудал дагуулсан” дүгнэлтийн хувьд 9 гишүүнтэйгээ харьцуулан үзвэл үнэн хэрэгтээ 1/3-ийн саналаар уг асуудал шийдвэрлэгдэж, цэцийн 9 гишүүний гарын үсэгтэй тогтоол автоматаар гарч,  УИХ холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь нууц биш. Энэ бол бас ч яах вэ “но”-той ч гэсэн ноён нуруугаа алдчихгүй болоод л байсан 30 жилийн түүх.  

      Тэр бүү хэл Цэцийн 30 жилийн доторх бүх кэйс, бүх жишиг бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хянахдаа хүрвэл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах процессыг буюу УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг зөрчиж үү? үгүй юу? гэдгийг хэлбэр талаас нь хянаж үзээд зохих шийдвэр гаргадаг байсан болно. Харин сая гэнэт л 31 дэх жилийн торгон босгон дээр муу юм, буруу юм хэзээдээ л тэсэрч дэлбэрдэг жам ёсоор Цэц "агуулга"-ын нэмэлт, өөрчлөлт хянах боломж гадаадын зарим нэг улсад байдаг гэх нэрэн дор Монгол Улсын Үндсэн хуульд огт байхгүй асуудлаар түүнд халдах үйлдэл гаргасан явдалд олон нийт “Цэц бидний итгэл үнэмшлийг хулгайллаа” гэдэг. Хуульчид бол "Цэц Үндсэн хуульт ёс, шударга ёсыг алдагдууллаа” гэж бухимдаж дургүйцээд байна шүү дээ. Үүнийг Цэц эрүүл саруул ухаанаар хүлээн авч, өөрийн хийсэн гэм буруутай үйлдэл, ноцтой алдаагаа өөрөө засах хэрэгтэй.   

     Цэц энэ бүдүүлэг алдаагаа өөрөө засаж залруулахгүй бол дараа дараачийн Цэц, дараачийн парламент Цэц дээр янз бүрийн механизм үүсгэж энэ мэтээр түүнийг “тоглоом шоглоом болгож”, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “төр, түмэн”-ээр даажигнах явдал хууль зүйн жирийн логик сэтгэлгээ болон хувирч, маш муухай гаж буруу сөрөг үр дагаварт хүргэдгийг практик нотолдог тул Цэц энэхүү ноцтой алдаагаа засаж залруулахаас өөр ямар ч гарц, гаргалгаа үгүй юм.   

     Чухам иймээс Үндсэн хуулийг Үндсэн хууль тогтоогч л баталдаг. Манайхаар бол Ардын Их Хурал гэсэн үг. Үндсэн хууль тогтоогч маань эрх мэдлийг иргэнд олгож, харин Үндсэн хуульд нийцүүлэн салбар хууль батлах үүргийг зөвхөн парламентад ногдуулж, Үндсэн хуулийг бие даасан шүүхээр хамгаалдаг болгосон билээ.

     Ер нь бол Цэц одоогийн абстракт буюу хийсвэр хяналт бүхий өөрт хамааралгүй асуудлаар үндсэн хуулийн шүүхэд хандах Actio popularis хэлбэрийг халж, бусад ардчилсан улсуудын жишгээр, тухайлбал Европын улсуудын практикаар Constitutional complaint буюу албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн иргэн хүний гомдлыг хэлэлцэж шударга шийдвэр гаргадаг тийм жинхэнэ шүүх болгох хэрэгтэй ч энэ нь заавал Монгол Улсын Үндсэн хуульд гар дүрж, нэмэлт өөрчлөлт оруулахад хүргэх хүнд асуудал учраас тийм ч сайн сонголт биш. Харин үүний оронд Цэцийн гишүүдийн томилолт ба сонголтын механизм руу эргэн харж эвлэлийн үүрийн дарга, намын хорооны дарга, тэрчлэн төв орон нутгийн улс төрийн сонгуульд хэчнээн удаа сонгогдсон улс төрч хүнийг Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийн албан тушаалаар шагнахын оронд бүх шалгалт шүүлгийг давж байж хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн 6700 гаруй хуульчдын дотор Цэцийн гишүүнд тэнцэх хүн байхгүй юм шиг сэтгэдгээ больж, тэдний дотроос Цэцийн гишүүнийг сонгох эрэл хайгуул хийвэл хамаагүй эрүүл саруул алхам болж магадгүй ийм л хууль зүйн факт үйлчилж байна. 

     б.Цэцийн дарга хэмээх суудлаа ч олдоггүй, гүйдлээ ч олдоггүй нэг хачин субъект цэцэд маргаан хянан шалгах бүх үе шатанд оролцдог гажуудлыг дурдахгүй өнгөрөхийн аргагүй буюу. Тэрбээр иргэн хүний өргөдлийг хэн гэдэг гишүүнд цохохоос эхлээд маргаан хянан шалгах процессын бүх үйл ажиллагаанд оролцож, эцэст нь Дунд суудал, Их суудлын хуралдааныг даргалж шийдвэр гаргана. Хааяа нэг өөрийнхөө оронд хурал даргалах өөр гишүүн томилж хуралдааныг хааяа нэг өөр гишүүнээр удирдуулж, түүнд хүндэтгэл үзүүлж буй дүр эсгэнэ. Гэтэл мань хүний статус нь ердийн л нэг гишүүний үүрэгтэй байдаг. Товчдоо бол 9 гишүүн хэн нэгнээрээ захиргааны ажил хийлгэхийн тулд бие биенээ ээлжээр дарга болгодог учиртай. Түүнээс биш цэцийн дарга гэдэг хүн “төрийн 3-н өндөрлөг”-ийн хажууд наалдчихаад 4 дэх хүн болж харагддаг тийм албан тушаалтан огт биш.

     Улс төр, бизнесийн, ашиг сонирхлын элдэв нөлөөнд ойрхон яваа Цэцийн дарга шиг ийм хачирхалтай (нэг харахад дарга, нэг харахад шүүгч, ахиад лавшруулахад “төрийн 4-н өндөрлөг” болж харагддаг) субъект Үндсэн хуулийн шүүхэд маргаан хянан шийдвэрлэх процессын нэжгээд алдаа гаргачихсан ийм илтэд буруу хэргийг хууль нь ийм юм чинь яасан ч яадаг юм бэ гэж далимдуулдаг тул Цэцийн тухай хууль, ҮХЦМХШтХ-д дүгнэлт хийж, дээрх гажуудлыг засах цаг болсон гэж үзэж байна.  

Одоо хоёр дахь асуудлаа авч үзье:

     Та бидний эзэмшсэн энэ хуульч мэргэжил их сайхан мэргэжил ээ. Харин энэ мэргэжлийн амин сүнс болсон шударга ёсыг хэрэгжүүлэх, үнэнийг олох л их хэцүү.

     Учир нь жирийн нэг салбар хуулийг янз бүрийн цаг үед янз бүрийн итгэл үнэмшил, магадгүй хувийн атгаг ашиг сонирхолтой, магадгүй их хоцрогдсон, магадгүй их радикал шинэлэг хүмүүс хийдэг, бас баталдаг билээ. Ийм учраас Үндсэн хуульд л бүхнийг даатгаж, түүнийг сахин дээдэлж бас хамгаалж байж сая улс нь улсаараа, үндэстэн нь үндэстнээрээ үлддэг нь Үндсэн хуулийн ид шид юм. Энэ бол хуульд бүхнийг даатгаж, хуулийг мухар сохроор шүтсэний хэрэггүй, харин эрх зүйт хэм хэмжээний пирамид дээд оргил болсон Үндсэн хуулийг л сахиж, биелүүлж, дээдэлж яв гэсэн үг.

     Харамсалтай нь УИХ-ын гишүүний ширээний ном, өврийн дэвтэр нь болж тэрбээр хууль батлахдаа нийгмийн харилцааны хамгийн дээд түвшинд эрэмбэлэгдсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл заалттай бусад салбар эрх зүйн хэм хэмжээг нийцүүлж байх цорын ганц үүрэгтэй атлаа Үндсэн хуулийг “өөрчилнө” гэж бусдыг турхирах, дагаж мөрдөхийн оронд “би шинэ сайхан хууль хийх гэсэн чинь Үндсэн хууль саад болоод байна” хэмээн сагсуурч биеэ тоох, заримдаа бүр Үндсэн хуулийг хөгжлийн хөтөлбөр, хөгжлийн бодлого мэт ташаарч “улс орныхоо эдийн засгийг, бас парламентыг, мөн засгийн газрыг төгс төгөлдөр болгох гэхээр Үндсэн хууль тээглээд байна. Иймд түүнд нэмэлт оруулна, өөрчлөлт хийнэ” гэх зэргээр Үндсэн хуульд захирагдмал байх “субординаци” суурь зарчмын эсрэг эрүүл бус популист хандлага аль ч улс оронд байнга л гарсаар байдаг ч Үндсэн хуульт байгууламжтай ардчилсан оронд тэдний популизм шийдвэр болж байсан түүх нэн ховор үзэгдэл юм.

     Товчдоо бол нийгмийн шударга ёсны хэмжүүр болсон Үндсэн хуульд хүйтэн гар дүрэх увайгүй санаархлын цаад талд дандаа үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гадна дотно талын хорон явуулга, тэрчлэн Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг, бас нийтийн ашиг сонирхлын эсрэг ухамсартай ба ухамсаргүй хувийн явцуу атгаг ашиг сонирхол нуугдаж байдаг нь батлах шаардлагагүй үнэн буюу хууль зүйн нэгэн “аксиом” мөн болно.

     Мэдээж хэрэг популист  эрүүл бус нөхдүүдийг дур зоргоор нь тавьж намируулаад байвал Улсыг улс биш болгож “салж сарних, яс угшлаараа талцах, үндэс угсаагаараа задарч бутрах”-ын оршил хөгжмийг хөгжимдөх үндсийн үндэс болдог түүхэн гашуун сургамж Монголчуудын хувьд 1635-1755 он буюу саяхных гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

    Багш нар бид Та нарт нийгмийн амьдралыг, нийтийн дэг журмыг дан ганц хуулиар зохицуулдаг юм шиг зааж сургаж байсан нь үнэндээ эндүүрэл, бас төөрөгдөл байсан гэхэд хилсдэхгүй байх аа.

     Хуулийн цаана, хуулийн дээр, бас шүүгчийн дээр ямагт “Constitution” ба “Basic Law” хэмээх бурхад байсаар иржээ. Бас үүнтэй эн зэрэгцсэн а) ёс суртахууны хэм хэмжээ, б) зан заншлын хэм хэмжээ, в) шашин сүсэг бишрэлийн норм норматив, г) Монгол Улс үндэстний түүх соёлын өв уламжлал гээд дээд эрэмбэтэй эрх зүйн эх сурвалж үйлчилж байдгийг бид хэзээ ч мартаж болохгүй. Ер нь бол салбар хууль нь Үндсэн хууль болон дээрх эх сурвалжуудад нийцэж байж л сая Үндсэн хуулийн зөрчилгүй хууль болно шүү дээ. Өөрөөр хэлбэл дээрх эх сурвалжуудын доор эрэмбэлэгдэх нэлээдгүй хууль тогтоомж өөрөө Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байхаас гадна хүний гадаад талд буюу албадлага дээр хэрэгждэг тул хүмүүст дарамт болсоор байгааг судлаачид ер үгүйсгэдэггүй.

     Хуулийг дагаж мөрдөх явцад нэг хэсэг хүмүүс бухимддаг гомддог. Зарим нэг хэсэг нь завшдаг, хагартлаа баяждаг. Нэг хэсэг хүмүүс гэдсээ тасартал өлсдөг. Нөгөө хэсэг нь бүсээ тасартал таргалдаг. Иймэрхүү үнэн, худал хоёр хуульч чиний, хуульч Та нарын, ер нь шударга хүн бүрийн нүдэн дор, нүүрэн дээр эрээлжлэн явагдах болно. Үүнээс аврагдах цорын ганц арга зам бол хуульчид Та нарын мэргэжлийн амин сүнс болсон шударга ёсыг эрхэмлэх, Үндсэн хуулиа сахин мөрдөх явдал юу юунаас чухал буюу.

     Ганцхан жишээ дурдахад сүүлийн 31 жилийн хугацаанд манай үе үеийн парламентын баталсан 800 гаруй хуулийн 300 орчим нь Үндсэн хуулийн ямар нэг зөрчилтэйг Цэц хүлээн зөвшөөрч байгаа нь бий. Эндээс үзвэл Үндсэн хууль буруутай байна уу? Үндсэн хуулийг зөрчиж буй эрх мэдэлтэн, албан тушаалтнууд буруутай байна уу? гэдэг “проблем”-ийг УИХ өөрөө дотроо авч хэлэлцэн, цаашид уг асуудалд хандах зөв чиг хандлагаа тогтоох шаардлага нэгэнт хуримтлагджээ.

     Улс төрийн хямрал нүүрлэж, хууль нь "гууль" болон болон хэнд ч хэрэглэгдэхгүй хаягдаж  эрт эдүгээ үеийн том жижиг ямар ч улс оронд эхлээд ганц Үндсэн хууль үлдэж, яваандаа шударга ёс нуран унахад нийгэм дээр дооргүй төөрөгдөлд автагддагийг түүхэн сургамж харуулж байна. Шөнө төөрсөн хүн үүр цайхаар хаашаа явахаа мэддэг. Нийгмийн төөрөгдлийн үүр тийм амархан цайхгүй ээ. Төөрсөн дээрээ улам төөрөөд байхгүйн тулд шударга бус явдал, ёс суртахууны доройтол, улс төрийн бодлогын алдаа, зарим нэг албан тушаалтнуудын нугалаа завхрал, Үндсэн хуулийн эсрэг үзэл суртал гээд нэлээдгүй зүйл рүү эргэн харж түүнд шүүмжлэлтэй хандаж, засаж залруулж байхгүй бол төөрсөн дээрээ улам төөрөөд байдгийг хууль зүйн шинжлэх ухаан үеийн үед сануулсаар ирсэн болно.

     Та бидний аж төрж буй энэ орчин цаг үед дэлхий ертөнц нэг даяаршиж, нэг дангаарчилж маш хурдацтай өөрчлөгдөж байна. Бас түгшүүртэй, энд тэндгүй зөрчил тэмцэл, дайн байлдаантай байгаа билээ. Хүмүүс хаана ямар нийгэмд аж төрж байгаа нь одоо хэнд ч сонин биш болсныг огт анзаарахгүй байхын аргагүй буюу. АНУ, Франц, Герман, ОХУ, БНСУ, Япон, БНХАУ-ын иргэдийн хэнээс нь ч асуусан ямар нийгэмд амьдарч байгаагаа философийн хувьд яг таг мэдэхгүй. Харин ямар улсын иргэн гэдгээ л сайн мэддэг гэсэн судалгааны дүгнэлт хэвлэгджээ.

     Тэгээд ч иргэд нийтэд аль нь шударга удирдлагын тогтолцоо вэ ? гэдэг нь сонин байдаг болохоос Парламенттай юу? Ерөнхийлөгчтэй юу? Хаантантай юу? гэдэгт тэд сэтгэл зовдоггүй болох нь Ази, Африк, Арабын ертөнц, Латин Америк дахь бие даасан улс үндэстнүүдийн төрийн байгууламжийн олон янз хэлбэр харуулсаар байна.

      Ийм том сорилт бүхий шинэ цаг үед бид ардчилсан Үндсэн хуулиа дээдлэн сахиж байж монгол улс орноо мөнгө хүүлэлт, өр зээлийн дарамт нүүрлэсэн улс төр, эдийн засгийн мухардмал байдал, ажилгүйдэл, ядууралд автагдсан нийгмийн төөрөгдлөөс ангижруулах, үйлдвэрлэл хөгжүүлэх, бүтээн байгуулалт өрнүүлэх, хөдөлмөрийн шударга үнэлэмж тогтоох замаар сая бусад улс оронд тоогддог гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна.

       Үндсэн хуулиас болоод төрийн байгууллага албан тушаалтан дур зоргоороо авирлаж чадахгүй байгаа бол тэр Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадаж байна гэсэн үг ээ! Харин эрх мэдэлтэн, албан тушаалтнууд Үндсэн хууль тээг саад болж байгаа мэтээр боогдон бачимдаж, түүнийг өөрчлөх гэж зүтгэж буй явдал бол өөрсдийнх нь хязгааргүй их эрх мэдэл мөрөөдсөн мөрөөдөл нь биелэгдэхгүй Үндсэн хуулийн хэм хэмжээгээр хязгаарлагдаж байгаа нь тэр бөгөөд үүнийг 18-р зууны алдарт эрдэмтэн Чезари Беккари “нийгмийн удирдлагын дээд түвшинд нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах гэмт хэргүүд байрладаг. Харин доод түвшинд ихэвчлэн хувийн явцуу эрх, эрх чөлөөг зөрчсөн зөрчлүүд хөндөгддөг” гэж томьёолсон нь бий.

     Үүнтэй холбоотойгоор хамгийн олон удаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан 2 орон, Үндсэн хуульдаа хамгийн цөөн өөрчлөлт оруулсан 2 орныг жишээ болгон авч үзье:

     Үндсэн хуульдаа маш цөөн нэмэлт, өөрчлөлт оруулсан улс бол Америкийн Нэгдсэн Улс, бидний сайн мэдэх Япон Улс хоёр билээ. Тухайлбал Япон улс хэдэн зуун жилийн түүхэндээ өөрийнхөө Үндсэн хуульд “өөрчлөлт” бараг хийгээгүй, цөөн тооны нэмэлт л оруулжээ. Жишээ нь 1900 – 2020 он хүртэлх 120 гаруй жилийн хугацаанд дөнгөж 7 нэмэлт, 1 өөрчлөлтийг л хууль тогтоогчид нь хүлээн авч байсан байна. Энэ нь Япон улсыг хамгийн өндөр хөгжилтэй орон болгосон цаад нигур нь үүнд оршдог хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэгдсэн нь бий. 

     АНУ-ыг Та бид бүхэн сайн мэднэ. 1787 онд баталсан Конституцид нь нэмэлт өөрчлөлт хийх оролдлого Конгресст 10,000 гаруй удаа давтагдаж байсан ч мөн л Үндсэн хуулиа бараг хөдөлгөж байгаагүй улс орны нэг юм. АНУ Үндсэн хуульдаа цөөн тооны  нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зарим төслийг 6 сараас 3 жил хүртэлх хугацаанд хэлэлцэж байсан ч тэр болгоныг баталж байсан түүхгүй юм. Хамгийн сүүлд хийсэн нэмэлт (цалингийн тухай)-ийн эхлэл 1789 онд тавигдаж 203 жилийн дараа 1992 онд Конгресс баталж Ерөнхийлөгч гарын үсэг зурсан байх жишээтэй.

     Тэгвэл Тайланд улс 60 гаруй жилийн хугацаанд Үндсэн хуульдаа 13 удаа өөрчлөлт хийсэн нь 17 удаагийн төрийн ба цэргийн эргэлт хийхэд хүргэж, Засгийн газраа 50 гаруй удаа өөрчилж байсан улс төрийн тогтворгүй байдал нь мөн л нэгийг сануулж буй мэт. Энэтхэгийн хувьд Үндсэн хуульдаа 100 гаруй удаа өөрчлөлт хийсэн ч үймээн самуун, терроризм, шашин ба үндэстэн хоорондын мөргөлдөөн бүхий улс төрийн байдал нь тийм ч таатай биш.  Хүнд хэцүү аж амьдралтай орон хэвээр л байна.

     Монгол Улсын хувьд бол 1999 он, 2000 он 2012 он, 2016 он, 2019 он, 2022 онуудад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн удаа дараагийн хөнгөмсөг оролдлого, цөөнгүй субьектив хандлага хөвөрсөөр байна.  Үүнийг Германы нэрт судлаач Otto Meuer, Friedrich Werner  Ханнс-Зайделийн сангийн судлаач Др.Ёрог Паул Мюллер нарын эрдэмтэд: “эрх мэдэлд хүрсэн нам, бүлэглэлүүдийн хувийн сонирхол, тэдний хууль бус үйлдэл, хариуцлагаас мултрах субьектив санаархал нь дандаа Конституцийн нэмэлт өөрчлөлтийн цаана нуугдаж байдаг”-ийг онцлон дурдаж Үндсэн хуульд гар хүрэх аливаа оролдлого сайн зүйлд хүргэсэн нь ховор гэж тэмдэглэсэн байдаг.

     Үндсэн хуулийн эхийг баригч Хөдөлмөрийн баатар Б.Чимид багш маань хэн нь юу хийж болох, юуг хийж болохгүй, юунд оролцох ба оролцохгүйг нь хазаарлан хямгадсан “алганд багтсан Монгол Улс бол Үндсэн хууль юм”  хэмээн томьёолжээ.

     Хүн бахархах юмтай байх шиг сайхан зүйл хаа байхав. Тийм нэгэн бахархал бол манай анхны Үндсэн хууль тогтоогчдоос Та бидэнд үлдээж өвлүүлж өгсөн нийгмийн үнэт өв сан, монгол хүний дээд шүтээн нь Монголын ард түмний бүрэн эрхт байдлын баталгаа болсон “Монгол Улсын Үндсэн хууль” мөн буюу. Үнэнийг олох, шударга ёс журам тогтоох агуу их үйлсийн заяагдмал эзэн эрхэм хүндэт хуульч Та нартаа улам их амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Баярлалаа.

 

-- оо О оо --

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн