БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-10-06 | Уншсан: 448

        Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.

       Уулзалтын эхэнд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх Хуульчдын холбооны үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүний талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд цар тахлын үеэр Энэтхэг улсын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт үзүүлсэн тусламж, дэмжлэгт талархал илэрхийлсэн.

       Элчин сайд М.П.Сингх хоёр улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, бизнес болон арилжааны эрх зүйн салбарт мэргэшсэн хуульч, эрх зүйчдийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа талаар саналаа хуваалцлаа. Мөн цаашид хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хуульчдын холбоотой хамтран ажиллах, холбооны гишүүд болон мэргэжилтнүүдийг БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх зорилгоор урт болон богино хугацааны сургалтад хамруулж, тэтгэлэг олгох боломжтойг хэллээ.

      Уулзалтад МХХ-ны Зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат, МХХ-ны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, гишүүн хуульч Б.Баасандорж, Б.Баттогтох нар болон Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч Б.Гантулга, Удирдах зөвлөлийн дарга Сурендра Кумар Бансал, гишүүн Т.Болормаа нар оролцлоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн