МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2022-06-15 | Уншсан: 404

   Монголын Хуульчдын холбоо нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуультай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.06.15/ болж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

   Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, доктор Ц.Мөнхбат, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, доктор Б.Гүнбилэг, МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа нар оролцсон.

   Санамж бичгийн хүрээнд талууд хууль тогтоомжийн төсөл, санал боловсруулахад хамтарсан судалгаа хийх, хуулийн хэрэгжилтэд мониторинг, үнэлгээ хийх, эрдэм шинжилгээ, онол-практикийн хурал, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээ, онол, практикийн бүтээл туурвих зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

   Мөн хуульчдыг тодорхой эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлж, хамтарсан сургалт зохион байгуулах юм. Тодруулбал, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх, хуульчдад хичээл заах, сургалтын арга хэлбэрийг тодорхойлох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

   Түүнчлэн ХЗС нь Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журмын шаардлагыг хангасан сургагч багшийг хуульчдын үргэлжилсэн сургалтад багшаар оролцуулахын зэрэгцээ хуульчдын үргэлжилсэн болон хамтарсан сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд сургалтын танхимаар хангахад дэмжлэг үзүүлэх юм.

   Мөн санамж бичгийн хүрээнд Хуульчдын холбоо нь  ХЗС-ийн  оюутнуудыг мэргэших болон танилцах дадлага хийх боломжоор ханган ажиллахаар боллоо.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн