“МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ: ЕРӨНХИЙ, ТУСГАЙ АНГИ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2022-05-12 | Уншсан: 1614

   Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Шарын Цогтоогийн “Монгол Улсын захиргааны эрх зүй: Ерөнхий, тусгай анги” номын нээлтийн ёслолын ажиллагааг өнөөдөр/2022.05.12/ зохион байгууллаа.

   Номын нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Ж.Эрдэнэбулган, Б.Буяндэлгэр, Г.Баясгалан, Ц.Нанзаддорж, ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаа, Монгол Улсын гавьяат багш, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Ахмад багш, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, Монголын Хуульчдын холбооны Магадлан итгэмжлэх хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Х.Сэлэнгэ, АИХ-ын дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэй Ж.Гомбожав, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор Х.Эрдэм-Ундрах, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Чимид сангийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа, Хансс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр болон Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар,Сонгуулийн Ерөнхий хороо, Гаалийн Ерөнхий газар, Монгол Улсын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Эрдмийн их сургуулийн төлөөлөл, мөн захиргааны эрх зүйн багш, эрдэмтэн судлаачид, шавь нар, гэр бүл, найз нөхөд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн.

    Тус үйл ажиллагааг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нээж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ "Ш.Цогтоо багш 80 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисны дотор Монгол Улсын захиргааны эрх зүйн ерөнхий, тусгай анги, Гаалийн эрх зүйн удиртгал, Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй зэрэг их дээд сургуулийн 6 сурах бичиг,  1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийн мөн чанарыг нээж харуулахад чиглэгдсэн Үндсэн хуулийн 7 нэмэлт өөрчлөлт: хууль зүйн шинжилгээ (2013 он), Ханнс-Зайделийн сангийн захиалгаар Монгол Улсын Үндсэн хуулийн 39-43 дугаар зүйлд хийсэн онол арга зүйн тайлбар (2009 он), Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тавигдах хориглосон ба хязгаарласан хэм хэмжээ олон улсын нийтлэг жишиг (2016 он), Нийтийн ба хувийн ашиг сонирхлын зөрчил, тэдгээрийн эрх зүйн үр дагавар (2021 он) зэрэг 9 нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл туурвиад байгаа билээ. Тэрчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн төсөл боловсруулах анхны ажлын хэсгийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Гаалийн тухай, Валютын зохицуулалтын тухай, Валютын зохицуулалтын тухай, Газрын тухай зэрэг 10 гаруй хуулийн төслийг боловсруулахад оролцсон манай нэртэй төртэй, бид бүгдийн үлгэр дуурайлал болсон ахмад хуульчдын маань нэг юм" хэмээн онцолсон. 

  Номын нээлтийн ёслолын үеэр гавьяат багш Ш.Цогтоо "Монгол Улсын захиргааны эрх зүй: Ерөнхий, тусгай анги бүтээл дэх тулгамдсан зарим “асуудал”, шийдвэрлэх арга замын тухайд" сэдвээр хүндэтгэлийн лекц уншсан. Тэрбээр "Ёс зүй, ёс суртахууны асуудалтай холбогдуулан Ардын багш Б.Чимид маань “Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой” гэдэг алдарт үгээ хэлсэн байдаг. Энэ цаг үеийн араншин болоод буй 70 гаруй их дээд сургуулиудад шинэ залуу “сраз маёор” доктор багш нар төрөн гарч ирж байгаатай холбоотойгоор бас нэг үг нэмээд нэмж хэлэхийн хүсэж байна" хэмээгээд “Багш  болж байгаа хүн эхлээд өөрөө өөрийгөө таних хэрэгтэй. Дараа нь өөрөө хүн болох хэрэгтэй. Хүн болсоныхоо дараа “сая багш” болдог их эрэмбэ дараалалтай, нэр хүндтэй алба юм шүү” гэдгийг энэ хүндтэй индэр дээрээс дуулгахад илүүдэх юун." хэмээв.

   Өнөөдрийн үйл ажиллагааг Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга, прокурор, хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбат, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нар чиглүүлэн зохион байгуулсан бөгөөд тус номын нээлтэд 130 гаруй зочид оролцлоо.

   Нээлтийн ёслолыг Монголын Хуульчдын холбооны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан бөгөөд бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

\\

\\\

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн