ДОРНОД АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-12-01 | Уншсан: 1043

Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны арваннэгдүгээр сарын 29,30-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллалаа.

         Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм. Тодруулбал, Хуульчин үргэлжилсэн 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд АУ-ны доктор, дэд профессор, хууль зүйн ухааны магистр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш М.Цэрэнбат “Шүүх хордлого судлал”,  “Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Давааням “Компанийн засаглал” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш С.Баасанбат “Хүний хөгжил сэтгэл зүйн дархлаа”,  “Ажил мэргэжлийн сэтгэл зүй” сэдвээр тус тус хичээл заасан.

            Сургалтад Дорнод аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  23 хуульч хамрагдлаа.

            Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Дорнод аймгийн өмгөөлөгч Раднаабазрын Ганчулууныг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өгсөн бөгөөд ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны Дорнод аймаг дахь салбар зохичуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулан,  хуульч Ваанчигийн Давааням олонхын саналаар Дорнод аймаг дахь салбар зохицуулагчаар сонгогдсон.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн