ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ӨНӨМӨНХӨӨР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2021-11-19 | Уншсан: 733

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг 2021 оны арваннэгдүгээр сарын 17,18-ны өдрүүдэд Өвөрхангай  аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм. Тодруулбал, Хуульчийн үргэлжилсэн 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны сургагч багш, доктор, дэд профессор Б.Батзориг “Эрүүгийн хэргийн нотлох баримтын онцлог”, “Зөрчлийн хэргийн нотлох баримтын онцлог” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Цэцгээ “Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, практик хэрэглээ”,  “Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, практик хэрэглээ” сэдвээр, "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа”, “Ажил мэргэжлийн сэтгэл зүй”  сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Өвөрхангай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 50 орчим хуульч хамрагдлаа.

  Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Өвөрхангай аймгийн Ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар, Өвөрхангай аймгийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн