АРХАНГАЙ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-17 | Уншсан: 666

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг 2021 оны арваннэгдүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Архангай  аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм. Тодруулбал, Хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны сургагч багш, доктор, дэд профессор Б.Батзориг “Эрүүгийн хэргийн нотлох баримтын онцлог”, “Зөрчлийн хэргийн нотлох баримтын онцлог” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Цэцгээ “Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, практик хэрэглээ”,  “Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, практик хэрэглээ” сэдвээр, "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа”, “Ажил мэргэжлийн сэтгэл зүй”  сэдвээр тус тус хичээл заасан. Тус сургалтад Архангай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 50 орчим хуульч хамрагдлаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны Архангай аймаг дахь салбар зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд хуульч Дашбумбын Орхонтамир олонхын саналаар Архангай аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдсон.

   Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Архангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Ванчинсүрэнгийн Удвал, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Батсуурийн Мээпам, Архангай аймгийн нотариатч Дамдинсүрэнгийн Оюунхүү нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн