ЦАХИМ ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ЭРИН ҮЕТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАХ НЬ

2021-11-12 | Уншсан: 511

 

Нийслэлийн Иргэний хэргийн

давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж

Хураангуй:

 Дэлхийн хөгжлийн түүхийг үзвэл XVIII-XIX дүгээр зууны үеэс автоматжуулсан үйлдвэр амьдралд нэвтэрч, энэ нь өөрөө аж үйлдвэрт гарсан томоохон дэвшлийн эхлэл болсон. Тэгвэл өнөө үед Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу хиймэл оюун ухаанд суурилсан цахим хувьсгал, дижитал шилжилтийн эрин үе нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний уламжлалт аж үйлдвэр, нийгмийн амьдралын хэв маяг техник, технологийн хөгжлөөс шалтгаалан бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж эхэллээ.

 Манай улсын хувьд техник, технологийн хөгжлийг амьдралд нэвтрүүлэх, тэрхүү технологийн дэвшлийг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, аюулгүй хүргэх ажлын хүрээнд 2019 онд Монгол Улсын Засгийн газраас “Цахим хөгжлийн үндэсний хороо”-г байгуулсан. Түүнчлэн 2021-2024 онд “DIGITAL NATION” буюу “Цахим үндэстэн” болох зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү цахим хувьсгал, дижитал шилжилтийн үйл явц нь иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллага болон нийгмийн бүхий л салбарт гүнзгий нэвтэрч байгаагийн нэг илрэл нь шүүхийн салбар болоод тодорхой хугацааг өнгөрөөжээ. Шүүх эрх мэдэл нь Шүүхийн тухай хуульд зааснаар хөгжлийн бодлоготой байх хүрээнд мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг /AI-Artificial intelligence/ шүүн таслах ажлыг сайжруулах, шүүгчид дэмнэн туслах, шүүхийн ачааллыг бууруулах зэрэг ашиглах ажлыг шинэ түвшинд, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай, үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэлийг баримталж байгаа болох нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч илтгэлдээ цохон тэмдэглэснээс харж болохоор байна.[1] Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авах ажлыг Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж, Шүүхийн дээд байгууллага нь хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд технологийн дэвшлийг үе шаттайгаар нэвтрүүлэхийг зорьж байгаа энэ үед шүүгч бид энэ төрлийн мэдлэг, мэдээлэлтэй байх, техник, технологийн салбарыг ойлгох, энэхүү шилжилтэд бэлэн байх хэрэгцээ, шаардлага үүсээд байна.  

Түлхүүр үг: Дижитал, “ФАТФ”, Блокчэйн, Виртуал хөрөнгө, криптовалют, цахим мөнгө

Үндсэн хэсэг:

 Цахим хувьсгал, дижитал шилжилтийн өнөө үед нийгмийн харилцаа хувьсан өөрчлөгдөхийн зэрэгцээ хувийн болон нийтийн эрх зүйн салбарт нэн шинэ харилцаа урган гарч ирсээр байна. Түүнээс үүдсэн эрх зүйн маргааныг хэрхэн шийдвэрлэх, эдийн засгийн болон техник, технологийн наад захын мэдлэг, мэдээллээс хоцрохгүй байх нь шүүгч бидний тулгамдсан асуудал болжээ. Үүнтэй уялдуулан, дэлхий нийтийн анхаарлыг татсан, манай улсад мөн шинэлэг зохицуулалт болох гэж байгаа блокчэйн технологид суурилсан “Virtual asset” буюу “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн төслийг жишээ болгон, тоймлон авч үзье.

 “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн төслийн эргэн тойронд:

 1989 онд Парис хотноо зохион байгуулагдсан “Их-7”-ийн уулзалтаар “ФАТФ” буюу Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллагыг /The financial action task force/ байгуулсан. Монгол Улс 2019 онд “ФАТФ”-ын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх” стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад орж, үүнээс 1 жилийн дараа буюу 2020 онд уг жагсаалтаас амжилттай гарчээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын стандарт зөвлөмжийн /ФАТФ-ын 40 зөвлөмж/ 15-д мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгөнд” нэгэн адил хамаарахаар тогтоож, ФАТФ-ын хүлээн зөвшөөрсөн нэр томъёонд “виртуал хөрөнгө” болон “виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” нарыг тодорхойлсон өөрчлөлтийг 2018 оны 10 сард оруулсан байна. Манай улсын хувьд хэдийгээр стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гарсан хэдий ч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна.   

ФАТФ-ын зөвлөмжид “виртуал хөрөнгө” гэдгийг тархмал бүртгэлийн технологид суурилсан криптовалютыг хамааруулан ойлгоно гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо мөн хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглаж болох үнэ цэнэ бүхий дижитал буюу биет бус хөрөнгийг виртуал хөрөнгө гэж тодорхойлжээ.[2] Виртуал хөрөнгийн төрөлд та бидний сайн мэдэх BITCOIN, ETHEREUM, RIPPLE мөн манай улсад гарсан “Ард койн, IHC койн зэргийг ойлгож болно. Дээрх койнууд нь манай улсын виртуал биржүүдэд арилжаалагдаж байгаа бөгөөд тэдгээрийг “Cryptocurrency” буюу “Криптовалют” гэж нэрлэдэг. 2021 оны 9 сарын байдлаар дэлхий дээр хамгийн багадаа 6,500 криптовалют байгаа гэж баримжаалсан бол эдгээрээс зарим нь огт байхгүй, эсхүл идэвхитэй арилжаалагдахгүй байна.[3]

 Криптовалют гэдэг нь Блокчэйн технологи дээр суурилсан, дижитал буюу тоон илэрхийлэл юм. Криптовалют нь “PEER - TO - PEER” буюу хэрэглэгчээс хэрэглэгч гэсэн сүлжээнд суурилж, ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр гүйлгээ нь хийгддэг. Нөгөө талаар, “DECENTRALIZED” буюу төвлөрсөн бус тархмал системтэй бөгөөд криптовалютыг аль нэг улсын засгийн газар, төв банк гаргадаггүй, банкны клирингийн системийн хяналтад байдаггүй болно.

Тэгвэл Блокчэйн /Blockchain/-ийг компьютерын хөгжлийн 5 дахь хувьсгал гэж үзэж байна. Блокчэйн нь товчхондоо ямар нэгэн мэдээллийн урсгалыг зохицуулагч бөгөөд төвлөрсөн удирдлагагүй, мэдээллийн бүрэн бүтэн байдал /өөрчлөгдөхгүй, устахгүй/, хадгалалт, аюулгүй байдлыг найдвартай хангадаг итгэлцлийн түвшин болсон гайхалтай технологи юм. Энэхүү технологи дээр суурилсан криптовалют нь зөвхөн түүний гүйлгээний нэгж байдаг.[4] Өөрөөр хэлбэл, блокчэйн технологийг зөвхөн криптовалютаар төсөөлж болохгүй бөгөөд өөр маш олон зүйлд ашиглаж байна. Сонирхуулан дурьдахад сүүлийн үед NFT /a non-fungible token/ гэдэг ойлголт ихээхэн газар авчээ. Энэ нь мөн л блокчэйн технологи дээр суурилсан дахин давтагдашгүй, орлуулашгүй, цор ганц зүйлийг илэрхийлж байна. NFT хэлбэрээр гарсан зураг, урлагийн бүтээлүүд нь олон зуун мянган ам.доллараар худалдаалагдаад эхэлжээ. Дэлхий нийтийн туршлагаас үзвэл энэхүү блокчэйн технологийг банк санхүү, худалдаа үйлчилгээ, зам тээвэр зэрэг бүхий л салбарт ашиглаж болохыг харуулж байна.[5] Үүний тод жишээг дурьдвал блокчэйн технологийг улс орнууд шүүхийн салбарт ашиглаад эхэлсэн. Энэ нь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүгчид хэрэг хуваарилах, шүүгчийн цагийн менежмент, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг олон ажилд ашиглаж байна. Түүнчлэн 2016-2020 оны хооронд БНХАУ-ын шүүхийн блокчэйн платформд 640 сая орчим өгөгдөл бүхий нотлох баримтуудыг байршуулан хадгалжээ.[6]      

 Манай улсын хувьд иргэд аль хэдийн өөрийн сонголтын хүрээнд блокчэйн технологид суурилсан криптовалютыг цахим хуудсаараа дамжуулан арилжаалж эхэлсэн боловч Монгол Улсад виртуал хөрөнгө, түүний үйлчилгээ, зөвшөөрөл олголттой холбоотой харилцааг хараахан зохицуулаагүй, эрх зүйн орчин бүрдээгүй байгаа нь ФАТФ-ын зөвлөмжид заасан үүргийг хүлээх үндэслэл болжээ. Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд 11 сард Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэхүү үйл явцтай уялдуулан эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллага, энэ төрлийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд хуулийн төсөлд өөр өөрийн байр суурийг илэрхийлж, зарим тал дээр шүүмжлэлтэй хандаж байна. Дээрх хуулийг батлан гаргах болсон шалтгаан нөхцөл нь ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээс гадна технологийн дэвшлүүд ар араасаа гарч, хурдацтай хөгжиж байгаа энэ үед шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх, санхүүгийн инноваци, санхүүгийн том зах зээл бий болох боломжтой ч гэж зарим төлөөлөл үзэж байна. Үүний нэг илрэл нь дотоодын виртуал биржүүдэд 2 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэнийг дурьджээ. Нөгөө талаар, виртуал хөрөнгийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчин бүрдээгүй үед иргэн, хуулийн этгээд виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхэлж байгаа нь Монгол Улсыг болон тухайн харилцаанд оролцогч этгээдийг эрсдэлд оруулж байгаа бөгөөд мөнгө угаах болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмыг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлийг бий болгох сөрөг үр дагавартай байна.[7] Хэдийгээр манай улсад Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль үйлчилж байгаа боловч яг виртуал хөрөнгөтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн үг юм.

 Гадаад улс орнуудын туршлагаас авч үзвэл БНХАУ, Индонез, Турк, Египет зэрэг улсад криптовалютыг хориглосон байгаа бол Австрали Улсын хууль эрх зүйн орчинд виртуал хөрөнгийг санхүүгийн эсхүл санхүүгийн бус бүтээгдэхүүн гэж ангилан авч үзэж байна. Санхүүгийн бүтээгдэхүүний шаардлагыг Австрали Улсын санхүүгийн зах зээлийн хамгийн томоохон зохицуулагч байгууллага болох Australian Securities and Investment Commission Act-ийн 12 дугаар зүйлийн 12ВА заалтад тусгагдсан: 1-Ашиг хүртэхийн тулд хөрөнгө оруулалт хийх, 2-Санхүүгийн эрсдэлийг удирдах, 3-Бэлэн мөнгөөр бус төлбөрийн хэрэгсэл нэвтрүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй виртуал хөрөнгийг санхүүгийн бус бүтээгдэхүүн гэж үздэг ба гол нь хэрэглэгчдэд ташаа мэдээлэл тараахгүй байх зохицуулалттай байна. Малайз Улсад виртуал хөрөнгө нь хөрөнгө оруулалт, арилжааны хэлбэрээр ашиглагдаж, үнэт цаасны зохицуулах хороо хяналт тавьж зохицуулдаг. Түүнчлэн тус улсад хөрөнгийн ашиг татваргүй байдаг бөгөөд одоогоор криптовалют, түүний гүйлгээ татваргүй байна. Сингапур Улсын хувьд криптовалютын диваажин гэсэн нэршлийг сүүлийн үед авах болжээ. Дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг болох тус улс дижитал токен, криптовалютыг үйл ажиллагааных нь зориулалтаас шалтгаалан ялгаатай байдлаар зохицуулж байгаа бөгөөд дижитал токен, криптовалютын үйл ажиллагаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, татвар ногдуулахтай холбоотой ерөнхий зохицуулалтыг хийж, нарийвчилсан зохицуулалт хийхээс зайлсхийж байна. Ерөнхийд нь дижитал токенийг төлбөрийн хэрэгслийн үүргээр, үнэт цаасны үүргээр, арилжааны шугамаар ашиг олох үүргээр, хөрөнгийн баталгааны үүргээр гэсэн үндсэн 4 хэлбэрт хуваан зохицуулалт хийж байна.[8]

  Манай Засгийн газраас өргөн барьсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслөөс авч үзвэл: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заажээ. Түүнчлэн хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “виртуал хөрөнгө” гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг” ойлгохоор заасан байна. “Дижитал” гэсэн үгийг “тоон” гэж орчуулсан ч манай улсын хэл бичгийн тайлбар толь болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт нь олон улсын ойлголтоос зөрүүтэй байна гэж үзсэн тул цаашид дижитал гэсэн үгийг хуулийн төсөлд болон бүрдүүлбэр баримт бичигт ашиглажээ.[9] Тэгвэл Иргэний хуулийн аравдугаар бүлэгт эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг хөрөнгө гэж тодорхойлсон. Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д “Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна” гэжээ. Дээрхээс үзвэл виртуал хөрөнгө нь төлбөрийн хэрэгсэл болж ашиглагдахаар бол эрх олгох шинжээрээ эзэмшигч этгээддээ эдийн засгийн хувьд давуу байдал бүрдүүлэхэд чиглэгдсэн эдийн бус хөрөнгөд хамаарах бөгөөд физик утгаараа гарт баригдахгүй зүйл байна.

   Харин хуулийн төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Виртуал хөрөнгийг аливаа хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэхийг хориглоно” гэж заасан нь багагүй маргааныг дагуулж байна. Хувьцааны цаана нь ямар нэгэн компани, хуулийн этгээд байдаг бөгөөд хувьцааны эх сурвалж нь тодорхой, түүнийг ямар нэгэн хөрөнгийг төлөөлөх эрх гэж тодорхойлж болох юм. Тэгвэл криптовалютыг аль нэг улсын засгийн газраас гаргаагүй, үүнийг нь аль нэг төв банк хянаж чадахгүй, үүний ард ямар нэг эхлэлийн үнэ цэнэ байхгүй юм.[10] Энэ утгаараа блокчэйн технологи дээр суурилсан криптовалютын эх сурвалж, мөнгөний урсгалыг 100 хувь хянах боломжгүй тул виртуал хөрөнгийг хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх нь эрсдэлтэй гэж харагдаж байна. Гэхдээ зарим судлаачдын үзэж байгаагаар виртуал хөрөнгийг хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх асуудлыг үнэт цаасаар баталгаажсан токен /Токеn буюу Жетон/ гаргахтай адилтган үзэж байна.

   Тэгвэл хуулийн төслийн 7 дугаар зүйлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон эрх бүхий албан тушаалтанд тавих 20 гаруй шаардлагыг тусгасан байхаас гадна Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нэмэлт шаардлага гэж заажээ. Энэхүү нэмэлт шаардлагын хүрээ, хязгаар тодорхойгүй хэт ерөнхий байгаа талаар мөн судлаач, мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байна. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, хяналт, баримтын хадгалалт, хамгаалалт, нууцлалын талаарх зохицуулалтад Санхүүгийн зохицуулах хороо шаардлага хангасан бүрэн гүйцэд баримт бичгийг хүлээн авснаас хойш зургаан сарын дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэхээр тусгажээ. Уг хугацааг шаардлагатай тохиолдолд зургаа хүртэл сараар хорооны дарга нэг удаа сунгаж болохоор заасан. Судлаачдын зүгээс байр сууриа илэрхийлэхдээ уг хуулийн төсөл нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх зорилгоосоо хальсан, нөгөө талаасаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээг хэт өргөн хүрээтэй тусгасан нь төрийн хүнд суртлыг бий болгож инновацийг хойш нь татах вий гэж болгоомжлоход хүргэж байна. Гэхдээ нөгөө талаас нь харвал, энэхүү ойлголт, харилцаа нь өөрөө шинэлэг зүйл бөгөөд бүхий л харилцааг хуулиар нэг бүрчлэн зохицуулах боломж угаасаа байдаггүй тул эрх бүхий захиргааны байгууллагад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхой зохицуулалт хийх, шаардлага тавих эрх олгосныг шууд буруутган дүгнэх нь учир дутагдалтай юм.

   Технологийн хөгжлийг дагаад өдөр бүр дэлхий дахинд шинэ нэр томъёо гарсаар байгаа бөгөөд манай улсын хувьд “Цахим мөнгө” гэдэг ойлголт гараад багагүй хугацааг өнгөрөөжээ. Гэхдээ иргэд маань цахим мөнгийг криптовалюттай эндүүрэх тохиолдол их байгаа бөгөөд цахим мөнгө болон криптовалют гэх ойлголтууд нь өөр хоорондоо ялгаатай юм. Монгол Улсын Их хурлаас 2017 оны 5 сарын 31-ний өдөр баталсан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар цахим мөнгөний зохицуулалтыг бий болгосон. Улмаар Монголбанкнаас 2018 онд цахим мөнгөний журмыг баталжээ. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.25-д “цахим мөнгө” гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг” ойлгохоор заасан байна. Манай улсын хамгийн анхны цахим мөнгө буюу “Саndy”-г “Мобиком” ХХК-ийн харьяа “Мобифинанс” ББСБ-аас гаргасан байх бөгөөд цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрлийн анхны гэрчилгээг авчээ. Түүнээс хойш “Ард кредит” ХК нь “АрдКеш” нэртэй цахим мөнгийг гаргасан бөгөөд Ард санхүүгийн нэгдлийн зах зээл дээр нэвтрүүлээд байгаа АрдАпп-аар төлбөр тооцоо хийхэд ашиглаж байна.  

   Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиудад мөн нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьжээ. 

  Тэгвэл 2011 онд батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуулийн хэргэжилт хангалтгүй, удаашралтай байна гэж үзэж мөн Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 5 сарын 19-ний өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хуралд өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, цахим шилжилт хийхэд иргэдийн гарын үсгийг цахимжуулах нь чухал бөгөөд олон улсын жишигт нийцүүлэн, цахим орчинд гарын үсэг ашиглан өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх юм. Уг хуулийн төсөлд тоон гарын үсэгтэй холбоотой харилцааг зохицуулж, хуулийн этгээд бүртгүүлэх, банк, санхүү, сонгууль, татварын бүртгэл хийх зэрэг гарын үсэг шаардаж буй аливаа үйлчилгээг төрийн байгууллагаас цахим хэлбэрээр авахад болон бусад үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн тоон гарын үсгийг хэрэглэхэд тохиромжтой хэрэгсэл нь иргэний үнэмлэх гэж үзсэн тул түүний санах ойд иргэний гарын үсгийг байршуулах, мөн гар утасны сим картанд тоон гарын үсгийг байршуулахаар зохицуулж байна.    

Дүгнэлт:

  Нийгмийн харилцааны хөгжлийг тодорхойлох хоёр гол хүчин зүйл нь эрх зүй ба эдийн засгийн харилцан хамаарал байдаг бол үүн дээр техник, технологийн хөгжлийн хүч нөлөө нэмэгдсэнээр санхүүгийн инноваци, том зах зээлийг бий болгож, эдийн засгийн шинэ гарц нэмэгдэх, түүнийг дагаад хууль эрх зүйн шинэ орчин бүрэлдэх хөшүүрэг болж байна. Энэ нь бидний өдөр тутмын ажил, амьдралд шууд нөлөөлөөд зогсохгүй биднийг хүлээхгүйгээр, тэр ч бүү хэл хууль эрх зүйн орчин бүрдэж эхлэхээс өмнө технологид суурилсан шинэ харилцаа хүч түрэн орж ирж байна. Дэлхий нийт энэхүү технологийн хөгжил, дижитал шилжилтийн эрин үетэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэж байгаагаас гадна энэ нь хүн төрөлхтний хувьд том шилжилт, багагүй сорилт болжээ. Бидний хувьд энэхүү шилжилтэд бэлэн байх нь туйлын ач холбогдолтой юм. Тодруулбал, технологид суурилсан шинэ харилцаанаас үүдэлтэй эрх зүйн маргаанууд ар араасаа гарах магадлал өндөр бөгөөд тэрхүү харилцаанд оролцож байгаа иргэн, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагуудад хуульчид хэрхэн туслах, тухайн салбарын хөгжлийг цаг алдалгүй ойлгож, хууль эрх зүйн үнэтэй зөвөлгөө өгөх нь нэн чухал ажил болоод байна. Олон улсын түвшинд шүүгч, эрдэмтэн, судлаачид технологийн хөгжил нь өөрөө шүүхийн хөгжилд хэрхэн нөлөөлөх, шүүхийн шинэтгэлийг хэрхэн эрчимжүүлэх тал дээр өргөн хэмжээний судалгаа явуулж, энэ нь өөрөө судалгааны нэг томоохон салбар болсныг тэмдэглэх нь зүйтэй.

  Шинэлэг харилцаанаас үүдсэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх асуудалд шүүгчид бид бэлэн байна уу гэдэг асуудлыг чухалчлан дүгнэж байгаа юм. Үндсэн хэсэгт жишээ болгон дурьдсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслөөс авч үзвэл, дээрх хууль батлагдсанаар эрүүгийн, иргэний, захиргааны эрх зүйн салбарт шинэ нэр томъёо, шинэ харилцаа бий болохоор харагдаж байна. Өөрөөр хэлбэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой харилцааны цаана холбогдох бүртгэл, даатгал, татварын асуудал, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болно. Нөгөө талаасаа виртуал хөрөнгийг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрвөл иргэний эрх зүйн салбарт нэгэн шинэ харилцаа хуульчлагдан орж ирнэ. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналт тавих, үйл ажиллагааг нь хязгаарлах, бүртгэлээс хасах зэрэгтэй холбоотой маргаан нь захиргааны эрх зүйн зохицуулалтад хамаарна. Шүүх бодлогын түвшинд технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс технологийн хөгжилтэй холбогдуулан, эрэлт хэрэгцээнд суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, шүүгч нарт энэ төрлийн сургалт явуулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд шүүгч нар ч энэхүү ажилд идэвхитэй оролцох боломжтой. Нөгөө талаасаа шүүгч бид аливаа өөрчлөлт, шинэчлэлтэд бэлэн байх, тэр тусмаа техник, технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах, наад захын мэдээ, мэдээллээс хоцрохгүй байх, цаашлаад энэ чиглэлээр судалгаа хийх нь ихээхэн ач холбогдолтой. Цахим ертөнц хөгжсөн, мэдээллийн эрин зуунд ажиллаж, амьдарч байгаа бид хүссэн мэдээллээ интернэтээс авах бүрэн боломжтой гэдгээ улам бүр ухаарч, энэ талаар идэвхи санаачилга гаргаж, хандлагаа өөрчлөх цаг нь болжээ.

Хамгийн том, хамгийн хүчтэй нь эсхүл хамгийн ухаалаг нь тэсэж үлддэггүй. Зөвхөн аливаа Өөрчлөлтөд нийцэж чадсан нь үлддэг. Charles Darvin

             


[1] “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган”-д тавьсан илтгэлээс

[2] “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал”

[3] “The 10 Most important Cryptocurrencies other than bitcoin”

[4] Цахим алт, /биткойн, криптовалют, блокчэйн/

[5] Блокчэйний хувьсгал /биткойны суурин технологи, мөнгө бизнес хийгээд дэлхийг хэрхэн өөрчлөх бол?/

[6] China’s courts use data analytics and blockchain evidence storage on the way to first AI-integrated legal system.    South China Morning Post

[7] Хууль зүйн мэдээ: Виртуал хөрөнгийн үйлчилгээний тухай шинэ зохицуулалт

[8] Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагын урьдчилсан тандан судалгаанаас

[9] Мөн тэнд

[10] “Санхүүгийн философи” Дэлхийн санхүүгийн түүх. Ө.Ганзориг

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн