ШИНЭ ХУУЛЬЧИД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2021-10-15 | Уншсан: 1032

 Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн 81 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 14-ний өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

  Тангараг өргөх ёслолыг Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс удирдан чиглүүлж явуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга, УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Мөнхбат, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа нар хүндэт зочноор оролцож, шинэ хуульчдад баяр хүргэн амжилт хүссэн. 

  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана.” гэж заасан. Үүний дагуу 2021 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн эрх зүйчдийн гишүүнээр элсэх хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд материалаа бүрдүүлж өгсөн, шаардлага хангасан эрх зүйчдийг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, тангараг өргөх ёслолын ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж,  хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг нь олгосон юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн