“MOCK TRIAL” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР “ИХ ЗАСАГ”ОУИС ШАЛГАРЛАА

2021-10-11 | Уншсан: 3347

  Монголын Хуульчдын холбооноос “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд долоо дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

   Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээн эрүү, иргэн, захиргаа, арбитрын мэтгэлцээн гэсэн дөрвөн төрлөөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, МҮХАТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын арбитрын байранд 2021 оны аравдугаар сарын 09-ний өдөр явагдсан юм.

   Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль,  "Их засаг" олон улсын их сургууль, "Шихихутуг" их сургууль, Олон улсын "Улаанбаатар" их сургууль,  Монголын Үндэсний их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, "Билиг"  дээд сургууль, Чингис СООСЭ их сургууль зэрэг 9 их, дээд сургуулийн 25 баг оролцож, логик сэтгэлгээ, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн.  Үүнээс:

-Эрүүгийн хэргийн мэтгэлцээнд нийт 6 баг оролцсоноос О.Батсүх багштай “Шихихутуг” их сургуулийн баг тэргүүн байрт, С.Тэгшжаргал багштай “Их засаг” олон улсын их сургуулийн баг дэд байрт шалгарлаа.

-Иргэний хэргийн мэтгэлцээнд нийт 7 баг мэтгэлцсэнээс Э.Гэрэл багштай Санхүү эдийн засгийн их сургуулийн баг тэргүүн байр, А.Батбаатар багштай “Их засаг” Олон улсын их сургуулийн баг дэд байр эзэлсэн.

-Захиргааны хэргийн мэтгэлцээнд нийт 7 сургууль оролцсоноос Б.Энхтайван багштай МУИС-ийн ХЗС-ийн баг тэргүүн байрт, Г.Нацагдорж багштай Их засаг олон улсын их сургуулийн баг дэд байрт тус тус шалгарсан юм.

-Арбитрын мэтгэлцээнд 5 сургуулийн баг оролцсоноос Б.Баасандорж багштай МУИС-ийн ХЗС-ийн тэргүүн байр, Б.Оюун-Эрдэнэ багш “Шихихутуг” их сургуулийн баг дэд байр эзэллээ.

   Энэ жилийн хувьд төрөл тус бүрээр шилдэг илтгэгч оюутныг шалгаруулснаараа онцлог байсан бөгөөд Эрүүгийн мэтгэлцээний төрөлд “Шихихутуг” их сургуулийн оюутан М.Халиунаа, Иргэний хэргийн мэтгэлцээний төрөлд “Их засаг” Олон улсын их сургуулийн оюутан Б.Төгөлдөр, Захиргааны хэргийн мэтгэлцээний төрөлд “Их засаг” Олон улсын их сургуулийн оюутан Б.Нинжин, Арбитрын мэтгэлцээний төрөлд МУИС-ийн ХЗС-ийн оюутан Ч.Болормаа нарын оюутнууд шилдэг илтгэгчээр шалгарсан.

   Мөн тэмцээнд оролцсон бүх сургуулийн амжилт үзүүлсэн байдлыг нь онооны системээр үнэлж, шилдэг сургуулийг шалгаруулж цом олгодог бөгөөд “Их засаг” Олон улсын их сургууль  3 төрөлд амжилт үзүүлж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн боллоо.

   “Мок траил-2021” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо, Иргэний эрх зүйн хороо, Шүүгчдийн хороо, Эрүүгийн эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хороо, Монголын Олон Улсын арбитр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд хамтран зохион байгуулсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний комисс, “Чимид” сан зэрэг байгууллага дэмжлэг үзүүлж ажиллалаа.

   Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, идэвх зүтгэл гарган ажилласан эдгээр байгууллага, хамт олонд болон “Мок траил” тэмцээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, үнэт цаг заваа зориулан тэмцээнийг шүүсэн шүүгчид, арбитрчид, тэмцээнд оролцсон бүх хууль зүйн их, дээд сургуулийн баг хамт олонд талархал илэрхийлье!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн